Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Ажилгүйдлийн даатгалын сангийн 2025 оны орлого, зарлагын төлөвлөлт, гүйцэтгэл, цаашид авах арга хэмжээний талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
- Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүнгийн талаарх хяналт шалгалтын тайланг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Гадаад улсын Фулхам, Си Эн Эн, Эдэлмэн зэрэг хуулийн этгээдүүдийг сонгох болсон үндэслэл, гэрээнд тусгасан үнийн дүн олон улсын зах зээлийн жишиг үнэд нийцэж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тайланд дурджээ.
- Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын хөрөнгөд бүртгэлтэй, нийт нэг тэрбум 400 сая төгрөгийн өртөг бүхий үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн сахилгын хороонд шилжүүллээ.
- Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Гаалийн байгууллагад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илрээд байгаа юм. Гаалийн байгууллагын үйлчилгээнд цахим шинэчлэл хийх, илэрсэн зөрчлүүдийг шуурхай арилгахыг Сангийн сайдад даалгалаа.
| ЗГ: Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө | ||
| Үзсэн: 192 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.