Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2025 оны оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Максимын Чинбатыг Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох саналыг зөвшилцөхөөр хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцууллаа.
Адуучин сүрэг овогтой, Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн. 52 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1981-1991 онд Сүхбаатар аймагт ерөнхий боловсролын дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. Төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвтэй юм байна.
Прокурор М.Чинбат 1995-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор, 2007 оноос Багануур дүүргийн прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч, 2014 оноос Дүүргийн нэгдүгээр прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015 оноос Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга, 2017 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокурор, 2019 оны 2 дугаар сараас Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, мөн оны 4 дүгээр сараас Улсын ерөнхий прокурорын орлогчоор тус тус томилогдон прокурорын байгууллагад прокуророор 30 дахь жилдээ ажиллаж байгаа хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо танилцуулсан.
Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилох талаар зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, С.Эрдэнэболд, О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Д.Ганбат нар байр сууриа илэрхийлж, М.Чинбат прокуророос асуулт асууж, хариулт, мэдээлэл авсны дараа санал хураалт явууллаа. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд Максимын Чинбатыг томилох асуудлыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нь буюу 80 хувийн саналаар дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| ХЗБХ: Улсын Ерөнхий прокурорын орлогчийг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжив | ||
| Үзсэн: 180 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.