Шууд Chart

Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа

2025-12-17 11:05:53

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа.

2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос "Алтанбулаг" боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилжээ.

Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод, Монгол Улсын бүтээгдэхүүнийг "Алтанбулаг" боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ.

Тэрбээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нягт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг болголоо.

Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж байгаа тул холбогдох саналуудыг нэгтгэн боловсруулах шаардлагатайг анхаарууллаа.

Ажлын хэсгийн хүрээнд Шадар сайд Х.Ганхуяг "Алтанбулаг" авто замын боомтын нэгдсэн лабораторид мөн ажиллалаа.

Энэ үеэр Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлж буй бараа, материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100 хувь бүрэн тодорхойлох чадавхыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал, хил, хорио цээрийн тогтолцоотой уялдуулан цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй