Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь агаарын чанарын мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор хувийн хэвшилтэй хамтран ажиллах шинэ загварыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү санаачилгын хүрээнд ЦУОШГ болон “Монголын финтек групп” ХК хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, Яармаг орчимд хямд өртөгтэй, автомат агаарын чанар хэмжих төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтад оруулахаар боллоо. Тодруулбал, тус компани нь өөрийн зардлаар нийт 10 байршилд агаарын чанарын мэдрэгч төхөөрөмж суурилуулж, бодит цагийн мэдээллийг үйлдвэрлэгчийн платформоор дамжуулан боловсруулах, дамжуулах нөхцөлийг бүрдүүлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд суурилуулах төхөөрөмжүүд нь PM2.5, PM10, PM1 тоосонцор, агаарын температур, чийгшил, даралт зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг хэмжинэ. Дэлхий нийтэд IQAir, PurpleAir зэрэг бага өртөгтэй, автомат мэдрэгч төхөөрөмжүүд өргөн хэрэглээнд нэвтэрч, олон нийтийн мэдээлэл, оролцоог дэмжих чухал хэрэгсэл болж байгаа.
ЦУОШГ нь өөрийн харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораториор баталгаажсан ус цаг уур, орчны шинжилгээний төхөөрөмжүүдийн мэдээллийг нэгтгэн олон нийтэд хүргэдэг платформ хөгжүүлэх ба хувийн хэвшлийн ашигладаг усны, цаг уурын, орчны бохирдлын төхөөрөмжүүдийг улсын өндөр нарийвчлалтай станцуудыг орлох бус, харин тэдгээрийг нөхөх, дэмжих зорилготой ашиглана. Энэ нь ялангуяа улсын станц байхгүй байршлуудад байгаль орчны ерөнхий төлөв байдлыг харуулах, тухайн нутгийн иргэдэд шуурхай мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэхэд чухал ач холбогдолтой юм. Нөгөө талаас аж ахуйн нэгж, иргэдэд ашиглуулж байгаа төхөөрөмжийнхөө системчилсэн, боловсруулалт хийгдэж эцсийн бүтээгдэхүүн болсон мэдээллийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгоно.
Дэлхийн олон оронд төр–хувийн хэвшил–иргэний оролцоонд суурилсан байгаль орчны хяналт, мониторингийн загварыг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд улс орнуудын туршлагаас харахад ийм хамтын ажиллагаа нь мэдээллийн хамрах хүрээг тэлэх, олон нийтийн итгэлцлийг нэмэгдүүлэх, бодлого шийдвэрийг өгөгдөлд суурилуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлснээр агаарын чанарын мэдээллийн хүртээмж нэмэгдэж, иргэдийн мэдэх эрх хангагдан, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдал бэхжихийн зэрэгцээ байгаль орчны хяналтад олон нийтийн оролцоог бодитоор хангасан алхам болох юм.
| Агаарын чанарын хяналтад төр-хувийн хэвшил-иргэдийн оролцоонд суурилсан хамтын ажиллагааны загварыг нэвтрүүлж эхэллээ | ||
| Үзсэн: 461 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.