Шууд Chart

Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна

2026-01-12 13:52:41

Баянхонгор аймгийн удирдлага, онцгой комиссын мэдээллээр 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна. Өвөлжилт хүндэрсэн 8 сумын 13 зам даваа хаагдсан тохиолдолд сумын онцгой комисс болон мэргэжлийн ангийн 813 хүн, 30 техник ажиллах боломжтойгоор бэлтгэл хангажээ.

Баянхонгор аймаг өөрийн нутаг дэвсгэр дээр газар тариалан эрхлэх боломжгүй учир аюулгүйн өвс, тэжээлийн нөөцийг Дорнод аймгийн Халхгол сумаас бэлдэж 1700 км зайнаас таталт хийдэг. Тээвэрлэлтийн зардлаас үүдэн төсөвт дарамт үүсдэг, өвсний үнэ өсдөг байна. Тиймээс Баянхонгор аймагт ойрхон тариалангийн бүс нутагт тариалангийн зориулалттай талбай эзэмших, тэжээлийн ургамал тариалж аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх асуудалд салбарын яам, засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав Баян-Овоо суманд үйл ажиллагаа эрхэлж буй Вишн Агро ХХК-ийн хонины аж ахуйтай танилцлаа. Барга үүлдрийн хонийг суффолк үүлдрээр сайжруулалт хийж, уургийн агууламж өндөр, өөх тосны хэмжээ багатай мах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэн ажилладаг байна. Малчдын хоршоотой хамтран ажиллаж малчдын малыг эргэлтэд оруулах боломж бий болгон ажиллаж байгааг аж ахуйн мэргэжилтэнгүүд хэллээ.

Мөн Баянхонгор аймгийн ХХААГ, Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлуудыг сонсов. Аймгийн мал эмнэлгийн газрын лабораторийн барилга 1960 онд баригдаж 2025 оны 01 сарын 25-ны төрийн өмчийн тогтоолоор тухайн барилгыг цаашид ашиглах боломжгүй дүгнэлтээр акталсан. Гэвч өнөөдрийг хүртэл лабораторийн барилгын асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Тиймээс аймгийн мал эмнэлгийн газрын үйл ажиллагааг монгол гэрт явуулж байгаа. Шинээр барих лабораторийн барилгын зураг төслийг батлуулсан хэдий ч 2026 оны төсөвт зардал суугдаагүй асуудлыг Засгийн газарт уламжилж өгөхийг хүслээ.


Баянхонгор аймгийн 8 сум зудын их эрсдэлтэй ангилалд байна  
Үзсэн: 127 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй