Шууд Chart

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөг боллоо

2014-10-03 17:21:17

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаа талбайд өнөөдөр Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын дарга, хурандаа Л.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм. 

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөгийн үеэр гал гарсан тохиолдолд аврагчид хэрхэн ажилладаг болон иргэд амь насаа хэрхэн хамгаалах талаар үзүүлэх сургалтыг хийсэн. Мөн газар хөдлөлтийн үеийн доргилтын чичиргээг өдөрлөгт оролцсон иргэдэд мэдрүүлж, шатсан авто машинаас иргэнийг хэрхэн аварч, яаж ажилладаг талаар үзүүлэх сургалтыг хийснээрээ энэ удаагийн өдөрлөг онцлог байв.

Мөн дөрвөн өдрийн турш үргэлжилсэн уг өдөрлөгийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын энэ оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/241 дүгээр тушаалын дагуу гал түймэр ихээр гардаг Баянзүрх дүүргийн 5, 9, 14 дүгээр хороодод гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм. Өдөрлөг, хяналт шалгалт, сурталчилгааны ажилд ОБЕГ, НОБГ, Аврах анги болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 545 албан хаагч оролцожээ.

Дээрх хороодын 11 байгууллага, 23 аж ахуйн нэгж, 2884 айл өрх, 4157 иргэн өдөрлөгт хамрагдсан байна. Үүнээс 3667 зөрчил илрүүлснээс 636 зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллажээ. Мөн 4000 гаруй иргэнд гамшгаас хамгаалах тухай заавар зөвлөгөөг өгч 10200 орчим гарын авлага тараасан байна.

 


Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөг боллоо  
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй