Шууд Chart

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2026-02-20 16:16:41

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 20-21-нд шилжих шөнө Дундговийн нутаг, Өвөрхангайн хойд болон зүүн, Өмнөговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, 21-ний өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна. 20-21-нд шилжих шөнө Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.


2026 оны хоёрдугаар сарын 20-ны 20 цагаас 
2026 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар эрс хүйтэрч, Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 23-28 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Хараа, Ерөө голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 15-17 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 19-21 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2026 оны хоёрдугаар сарын 21-нээс 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд тал хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй