Ойрх Дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн 2026 оны гуравдугаар сарын 10-наас 11-ний хооронд улам хурцдаж, бүс нутгийн нөхцөл байдал төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байна. АНУ болон Израилийн агаарын цохилт Иранд үргэлжилж, Тегеранд байрлах цэргийн объектууд, пуужингийн баазууд, командын төвүүдийг онцгойлон онилжээ.
Ираны зүгээс пуужин, дрон ашиглан бүс нутаг дахь Израиль, АНУ-ын бааз руу хариу довтолгоо хийж, зарим иргэд шархадсан байна. Ливан, Сирийн өмнөд хэсэгт пуужингийн ажиллагаа өрнөж, Израилийн армид хариу үйлдэл болжээ. Үүний улмаас олон мянган хүн дүрвэж эхэлсэн бөгөөд хоёр дахь фронт нээгдэх эрсдэл нэмэгдсэн.
Иран дотор олон мянган хүн шинэ удирдагч Можтаба Хаменейг дэмжиж жагссан нь өмнөх удирдагч Али Хаменейг амь үрэгдсэнээс хойш улс орны удирдлагад гарсан том өөрчлөлт юм. АНУ болон Ираны хоорондын дипломат хариу үйлдэл хийгдэж байгаа ч мөргөлдөөн удаан үргэлжлэх магадлал өндөр хэвээр байна.
Өчигдрийн байдлаар мөргөлдөөний нийт хохирол Иранд 1200 гаруй хүн амь үрэгдэж, Ливанд 390, Израильд 10 гаруй хүн, АНУ-ын цэргийн албан хаагч 7 хүн амиа алдсан. Сүүлийн өдрүүдэд Ойрх Дорнод дахь цэргийн ажиллагаанд хүүхдүүд хамгийн ихээр өртөж, сургуулийн орчинд пуужин туссан тохиолдлууд бүртгэгдсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Иргэдийн дүрвэлт тасралтгүй нэмэгдэж, зарим бүс нутагт орон гэрээ орхин 500 мянга гаруй хүн дүрвэж эхэлсэн аж.
Бүс нутгийн нөхцөл байдал эдийн засагт шууд нөлөөлж, Персийн булангийн Ормузын хоолой орчимд аюулгүй байдлын асуудал үүсэж, газрын тосны үнэ 100 доллароос дээш гарчээ. Энэ нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд доголдол үүсгэж, олон улсын зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж байна. Ираны Гадаад хэргийн сайд Оросын талаас Иранд олон чиглэлээр дэмжлэг үзүүлж байгааг ил тод хүлээн зөвшөөрсөн нь геополитикийн нөхцөлийг төвөгтэй болгов.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп газрын тос болон түүнтэй холбоотой зарим хоригийг түр хугацаагаар сулруулж, цуцлах талаар мэдэгдсэн. Энэ алхам дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг тогтворжуулах, зах зээлд тогтвортой байдал бий болгох зорилготой юм. Гэвч Европын тал энэ алхмыг Оросыг баяжуулж, бусад хоригийн зорилгыг сулруулна гэж шүүмжилж байна. Өнөөдрийн байдлаар энэ асуудал тодорхой шийдэгдээгүй бөгөөд олон улсын маргаан үргэлжилж байна.
Ийнхүү одоогийн байдлаар Ойрх Дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн богино хугацаанд дуусах шинжгүй, бүс нутгийн тогтворгүй байдал гүнзгийрч, дэлхийн улс төр, эдийн засагт шууд нөлөө үзүүлсээр байна.
| Ойрх Дорнодод өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн ойрын хугацаанд дуусах шинжгүй байна | ||
| Үзсэн: 148 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.