
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуваарийн дагуу өчигдөр хуралдав. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хийлээ.
Монгол Улсын хүн амын дийлэнх хэсэг нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж 2013 онд 97.0 хувьд хүрчээ. “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг 1993 онд баталснаас хойш нийт 9 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. "Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь тухайн цаг үеийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан хэдий ч даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч талуудын чиг үүргийн зааг ялгааг тодорхой болгох гэх мэтээр даатгалын тогтолцоонд тулгамдаад буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дорвитой өөрчлөлт хийгдээгүй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагч үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлээс төдийлөн хамгаалагддаггүй оношилгоо, шинжилгээ хийлгэх, хөнгөлөлттэй үнээр эм авах үйлчилгээ даатгалын тусламж, үйлчилгээний багцад оновчтой бус байгаа нь даатгуулагчийн өөрөөс төлөх төлбөр нэмэгдэж ядууралд өртөх эрсдэлд хүргэж байгаа учир эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг өргөжүүлж даатгалын зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар танилцуулав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар асуулт асууж, санал хэлсний дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Дараа нь байнгын хорооны гишүүд Номын сангийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийн танилцуулгыг сонсов. Номын сангийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд номын сангийн үйл ажиллагаа эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, номын сангийн үйлчилгээ болон үйлчлүүлэгчдийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулах юм. Иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд туслах, мэдээллийг хүн бүрт эрх тэгш хүргэх зарчмыг хэрэгжүүлэн мэдээллийг технологийн дэвшлийг ашиглан цахим болон хэвлэмэл хэлбэрээр үйлчлэх, номын сангийн үйлчилгээг хүртээмжтэй байлгахад чиглэсэн номын сангийн харилцааг дүрэм, журмаар зохицуулж байгаа бөгөөд цаашид нарийвчлан хуульчилж, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгараад байгааг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хэллээ. Мөн тэрээр нийт ард иргэдийн дунд ном унших хөдөлгөөн өрнүүлэх, номыг бүтээлчээр унших арга зүйг түгээх, ном унших соёлыг дэлгэрүүлэх үйлсийг дэмжсэнээр үндэсний зан заншил, иргэний нийгмийн соёлыг хамтад нь хөгжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс зөөврийн номын сан болон цахим уншлага, номын сан хоорондын ном солилцооны үйлчилгээг зохицуулах шаардлагатай байгаа талаар хэлэв. Түүнчлэн Үндэсний хэмжээний номын архив, ном хэвлэлийн бүрдүүлэлтийн бодлого алдагдсанаар төсөв хангалтгүй батлагдах, зарим тохиолдолд номын баяжилт хийгдэхгүйд хүрч үйлчлүүлэгчдийн мэдээлэл хүлээн авах эрх бүрэн хангагдахгүй нөхцөл байдал үүсч байна. Тиймээс зохиогч өөрийн бүтээлийнхээ багахан хувийг Үндэсний номын архивт үнэ төлбөргүй өгдөг байхаар тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарах ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой болох талаар танилцуулгадаа дурдав.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ, А.Тлейхан нар асуулт асууж хариулт авсан бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувийн саналаар дэмжигдлээ.
Байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.