Шууд Chart

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22 09:22:50

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж буй Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд оролцлоо.

Тэрбээр, энэ тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөн бус, улс орнууд, ард түмний найрамдал нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүндлэл, сахилга бат, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулдаг гэдгийг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ.

Мөн Дэлхийн таеквондогийн холбоо болон Азийн таеквондогийн холбоо, Дэлхийн таеквондогийн төв байгууллага, Монголын таеквондогийн холбооны хамт олон, зохион байгуулагч нарт талархал илэрхийллээ.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээний шилдгүүд ирэх 9 дүгээр сард Японы Аичи муж, Нагоя хотноо болох Азийн зуны XX спортын наадамд оролцох эрхээ авах юм.

Одоогоор манай тамирчин С.Янжинлхам, Ү.Ган-Эрдэнэ, У.Ханд нар хүрэл медалийг хүртээд байна.

2016 оны Риогийн зуны олимпын наадамд манай тамирчин П.Тэмүүжин анх удаа Олимпын таеквондогийн төрөлд оролцсон түүхтэй.

“Парис-2024” Паралимпын наадмаас Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав алтан медаль, гавьяат тамирчин Г. Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн юм.

Ерөнхийлөгчийн ивээл дор “М Банк Арена”-д зохион байгуулж буй тэмцээн 5 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ.

Таеквондогийн спортоор дэлхийд 300 сая гаруй хүн хичээллэдэг юм байна.


Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй