Бурхан багшийн хоёр их шавь Архант Сарипутра, Архант Маудгальяна нарын ариун рэнсрэлийг Бурхан Багшийн Их Дүйчэн өдөр буюу тавдугаар сарын 31-нээс 10 хоногийн турш Гандантэгчэнлин хийдэд зална.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр Соёлын яамны харьяа Энэтхэгийн Үндэсний музей Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн Засгийн газар болон Шри Ланкийн Махабодхи нийгэмлэгтэй хамтран эдгээр ариун рэнсрэлийг залах юм.
Ариун рэнсрэл нь ёслол болон хамгаалалтын хувьд Төрийн Тэргүүний статустай байдаг. Ариун рэнсрэлүүд 5 дугаар сарын 30-нд Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт газардах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэтхэгийн Ассам мужийн Захирагч Эрхэмсэг ноён Лакшман Прасад Ачарья тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчид дагалдан ирэх юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Энэтхэг болон Шри Ланкийн удирдах албан тушаалтнууд, нэр хүндтэй лам нар бүхий 45 орчим төлөөлөгч багтаж байгаа юм. Олон улсын Буддын шашны холбоо энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна. Ариун рэнсрэл залахтай холбоотойгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Элчин сайд Атул Малхари Готсурве: "2025 оны 10-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Энэтхэгт хийсэн төрийн айлчлалын үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди энэхүү арга хэмжээний талаар зарласан юм. Энэтхэг, Монгол хоёр Буддын шашнаар холбогдсон соёл иргэншлийн өнө эртний хэлхээ холбоотой Стратегийн түншүүд бөгөөд оюун санааны ахан дүүс юм. Дээрх өдрүүдэд Монголын Бурхны шашинтнууд, сүсэгтэн олон Бурхан багшийн хоёр их шавийн рэснрэлд хүндэтгэл үзүүлэх боломж тохиох юм.
Эдгээр ариун рэнсрэлүүдийг зөвхөн Тайландад 2024 онд залж байсан бол харин одоо Монголд авчирч залах гэж байгаа нь онцгой ач холбогдолтой болохыг тэмдэглэх нь зүйтэй. Та бүхэн санаж байгаа байх, 2022 оны 6 дугаар сард Монгол Улсад Бурхан Буддагийн ариун рэнсрэлийг залсан нь мартагдашгүй үйл явдал болсон билээ.
Ариун рэнсрэлүүд нь ёслол болон хамгаалалтын хувьд Төрийн Тэргүүний статустай байдаг. Ариун рэнсрэлүүд 5 дугаар сарын 30-нд Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэгээр Улаанбаатарт газардах төлөвлөгөөтэй байна. Олон улсын Буддын шашны холбоо энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулахад идэвхтэй оролцож байна.
Энэ үеэр Энэтхэгийн Үндэсний музей болон Олон улсын Буддын шашны холбоо хамтран Буддын шашны тухай тусгай үзэсгэлэн зохион байгуулна.
Энэтхэгийн Агаарын Хүчний тусгай нислэг мужийн Захирагч тэргүүтэй төлөөлөгчдийн хамт 2026 оны 5 дугаар сарын 30-нд ирж 2026 оны 6 дугаар сарын 3-нд буцна. Энэтхэгийн Агаарын Хүчний өөр нэг тусгай нислэг 2026 оны 6 дугаар сарын 8-нд Энэтхэгийн өөр бүрэлдэхүүнтэй өндөр түвшний төлөөлөгчдийн хамт ирж, 2026 оны 6 сарын сарын 10-нд Ариун рэнсрэлүүдийн хамт Энэтхэг рүү буцах юм.
Монгол Улсын Засгийн газар Ариун рэнсрэлүүдийг ёслол төгөлдөр залахад бүхий л талын дэмжлэг үзүүлсээр байна. Ариун рэнсрэлүүдийн өндөр дээд статустай нийцүүлэн Гандантэгчэнлин хийдийн зүгээс шашны талын бүхий л ажлыг хариуцан ажиллаж байна. Монголын өнцөг булан бүрээс сүсэгтэн олон хүндэтгэл үзүүлэхээр ирэх юм.
Ариун рэнсрэлүүдийг залж байгаа энэхүү үйл явдал Энэтхэг, Монголын оюун санааны холбоог улам бэхжүүлэх нь дамжиггүй.
Монголын бүх сүсэгтэн олныг Гандантэгчэнлин хийдэд ирж Бурхан багшийн хоёр их шавийн ариун рэнсрэлд хүндэтгэл үзүүлэхийг урьж байна" гэлээ.

Ийнхүү Бурхан багшийн хоёр их шавийн ариун рэнсрэлийг Монгол Улсад залах энэхүү түүхэн үйл явдал нь зөвхөн шашин, соёлын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол, Энэтхэг хоёр улсын олон зуун жилийн оюун санааны хэлхээ холбоо, найрамдалт хамтын ажиллагааны тод илэрхийлэл болж байна. Энэхүү үйл явдал нь сүсэгтэн олонд хүндэтгэл үзүүлэх ховор боломж олгохын зэрэгцээ энэрэл нигүүлсэл, эв нэгдэл, амар амгалангийн үнэ цэнийг дахин сануулах онцгой ач холбогдолтой юм. Ариун рэнсрэлүүдийг залах өдрүүдэд Гандантэгчэнлин хийдийг зорих сүсэгтэн олны мөргөл, хүндэтгэл нь хоёр орны соёл болон иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэх нь лавтай.
| Бурхан Багшийн Их Дүйчэн өдрөөр Бурхан багшийн хоёр их шавийн ариун рэнсрэлийг зална | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.