Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Ираны шигшээ баг АНУ-ын визийн маргаан үргэлжилж буй энэ үед Мексикт газардлаа. Ираны шигшээ баг хэсгийн гурван тоглолтоо бүгдийг нь АНУ-д хийх хуваарьтай. Гэвч тоглогчид болон зайлшгүй шаардлагатай багийн ажилтнууд зөвхөн тоглолт болох өдөр АНУ-д нэвтэрч, тоглолтын дараа тухайн өдөртөө буцах нөхцөлтэй байгаа юм.
Ираны талын мэдээлснээр, шигшээ багийн 15 албан тушаалтан, туслах ажилтанд АНУ-ын виз олгохоос татгалзжээ. Ираны албаны хүмүүс үүнийг спортод улс төрийн байр сууринаас хандсан ноцтой үйлдэл гэж шүүмжилсэн байна. АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулах 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ зургаадугаар сарын 11-нд эхэлнэ. Иран улс 2025 оны гуравдугаар сард сонгон шалгаруулах хэсгээ тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авсан юм.
Ираны шигшээ баг орон нутгийн цагаар ням гарагийн өглөө Мексикийн Тихуана хотод иржээ. Тус баг анх АНУ-ын Аризона мужийн Тусон хотод бэлтгэлээ базаахаар төлөвлөж байсан ч тавдугаар сарын сүүлээр бэлтгэлийн баазаа Мексик рүү шилжүүлжээ. АНУ-ын албаныхан Ираны бүх тоглогч болон “зайлшгүй шаардлагатай” багийн ажилтнуудад виз олгосон гэж мэдэгдэв. Харин Ираны төрийн холбоотой хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч, дэд дарга, хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг 15 албан тушаалтанд АНУ-д нэвтрэх зөвшөөрөл олгоогүй байна.
АНУ-ын тал Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Исламын хувьсгалт гвардитай холбоотой хүмүүсийг оруулахгүй гэсэн байр суурь илэрхийлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өмнө нь Иран хөлбөмбөгийн ДАШТ-ийг ашиглан “хуурамч шалтгаанаар террористуудыг АНУ-д нэвтрүүлэх” боломж олгохгүй гэж мэдэгдсэн юм.
BBC-ийн мэдээлснээр, Ираны шигшээ багийн зарим тоглогч Исламын хувьсгалт гвардийн бүтцэд заавал хаах цэргийн албаа гүйцэтгэсэн байдаг аж. Турк дэх Ираны Элчин сайдын яам АНУ-ыг спортод улс төрийн шинжтэй хязгаарлалт тавьж байна гэж буруутгажээ. Мөн Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-г визийн маргаанд оролцохыг уриалсан байна.
Иран хэсгийн эхний тоглолтоо зургаадугаар сарын 15-нд Лос-Анжелес хотод Шинэ Зеландын эсрэг хийнэ. Улмаар Калифорнид Бельгитэй, Сиэтл хотод Египетийн шигшээтэй тоглох хуваарьтай байна.
| Ираны хөлбөмбөгийн шигшээ баг Мексикт ирлээ | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.