Афганистаны эрх баригчид Пакистан улс тус улсын нутаг дэвсгэрт дахин агаарын цохилт өгсний улмаас 13 хүн амиа алдаж, 14 хүн шархадсан гэж мэдэгдлээ.
Талибаны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахидын мэдээлснээр агаарын цохилт Хост, Кунар, Пактика мужуудыг онилсон байна. Уг халдлагын улмаас амиа алдсан 13 хүний 11 нь хүүхэд байсан бөгөөд нэг эмэгтэй, нэг өндөр настан мөн амь үрэгджээ.
Афганистаны талын мэдээлснээр халдлагад өртсөн газрууд нь энгийн иргэд амьдардаг суурин бүсүүд байсан бөгөөд хүүхдүүд хамгийн хүнд хохирол амссан байна. Мөн шархадсан 14 хүний дунд хүүхдүүд байгаа талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлжээ.
Одоогоор Пакистаны талаас энэхүү мэдээлэлд албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Пакистан, Афганистан хоёр улсын харилцаа сүүлийн саруудад эрс хурцадсан бөгөөд хоёрдугаар сарын сүүлчээр Афганистан Пакистаны нутаг дэвсгэрт хариу цохилт өгснөөс хойш хилийн бүсэд мөргөлдөөн үргэлжилж, олон зуун хүн амь насаа алдаад байгаа юм.
Пакистан улс Афганистаныг өөрийн нутаг дэвсгэрт халдлага үйлддэг зэвсэгт бүлэглэлүүдийг, ялангуяа “Пакистаны Талибан хөдөлгөөн” буюу “Техрик-и-Талибан Пакистан” бүлэглэлийг орогнуулж байна хэмээн буруутгадаг. Тус бүлэглэл нь Афганистаны Талибанаас тусдаа бүтэцтэй боловч үзэл санаа, холбоо харилцааны хувьд ойр гэж үздэг байна.
Харин Кабулын эрх баригчид дээрх буруутгалыг няцааж, Афганистаны нутаг дэвсгэрийг хөрш орнуудын эсрэг ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар хамгийн сүүлийн агаарын цохилт нь хоёр улсын хооронд хэдийнэ хурцадсан харилцааг улам хүндрүүлж, хилийн бүс дэх тогтворгүй байдлыг даамжруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
| Пакистаны агаарын цохилтын улмаас 13 хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.