Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тус арга хэмжээнд оролцож, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээл, амжилт ололтоороо манлайлж, “ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан нийт хамт олонд баяр хүргэлээ.
Мөн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ зориулж, монгол хүнд хийх ажил, авах цалин олгож, улсдаа татвар төлж, үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн тусгаар тогтнолыг дархлан бэхжүүлж байгаа үндэсний аж ахуйн нэгжүүддээ Ерөнхий сайд талархал илэрхийлэв.
ТОП-100 аж ахуйн нэгж улсын төсөвт найман их наяд төгрөгийн татвар төлжээ. Энэ нь өмнөх оноос таван хувиар нэмэгдсэн үзүүлэлт ба Монгол Улсын татварын орлогын 30 хувийг бүрдүүлсэн байна.Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж байгаа нь нийт ажиллагсдын 6.1 хувийг эзэлж буй үзүүлэлт юм.
2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өмнөх оноос 10.8 их наяд төгрөгөөр буюу 19.7 хувиар өсөж, 65.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 73 хувьтай тэнцлээ.
Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлого хэрэгжүүлж байна. Энэ бодлогын гол цөм болсон “эдийн засгийн чөлөөлөлт” нь бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, тэднийг бизнесийн орчин дахь элдэв дарамт шахалт, шаардлагагүй чөдөр тушаанаас чөлөөлөх бодлого юм. Уг бодлогыг бодитоор хэрэгжүүлэх Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хууль, Татварын болон Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн бариад байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал баялаг бүтээгчдээ дэмжиж ажилллахаа илэрхийлээд Засгийн газар татварын өрийн улмаас данс нь битүүмжлэгдсэн 12,153 аж ахуйн нэгжийн дансыг нээсэн, 2026 онд эрүүл мэнд, байгаль орчны зайлшгүй төлөвлөгөөт шалгалтаас бусад 7,300 гаруй хяналт шалгалтыг цуцалсан, нийслэлд худалдаа, үйлчилгээний 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг хэн нэгэн даргын зөвшөөрлөөр бус, цахим системд мэдэгдээд эрхэлдэг болгосон нь бодит эхлэл болсныг тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулиар:
o Төр дур зоргоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарлахгүй.
o Төр бизнес эрхлэгчтэй өрсөлдөхгүй.
o Төрд байгаа мэдээллийг бизнес эрхлэгчээс ахин дахин нэхэхгүй.
o Хувийн өмч, хөрөнгө оруулалт, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Мөн “Тогтвортой байдал гэдэг бол тодорхой байдал юм. Төр “гэнэтийн бэлэг” барьж, зохиомол саад босгодоггүй “No surprise” зарчмыг төр, бизнесийн харилцаанд нэвтрүүлнэ” гэдгийг тэмдэглээд ТОП-100 аж ахуйн нэгжийн өнөөдрийн амжилт дараагийн үндэсний 1000 компанийг төрүүлж, Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ боломжийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

| Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ | ||
| Үзсэн: 86 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.