Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2026.06.16/ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад хавсран сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вольф Дитрих Хаймыг Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Батлут Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Батлан хамгаалахын атташе хурандаа Томас Ахаммер үүрэгт ажилдаа орж буйд баяр хүргэж, хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлэх шинэ гүүр тавигдаж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Талууд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Цэргийн төв эмнэлэгт хэрэгжсэн I, II шатны төслүүд үр дүнгээ өгснийг сайшааж, цаашид “Цэргийн төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл-III” төслийг цаашид үргэлжлүүлэх яриа хэлэлцээ хийгдэж байгааг онцлов. Хэрэв төсөл Монгол Улсын Их Хурлаар дэмжигдвэл хор судлалын лаборатори, цус шүүх болон эфферент эмчилгээ, эрхтэн шилжүүлэн суулгах болон цусны дэд төв байгуулах, гамшгийн үеийн хээрийн эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжийг сайжруулах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Цаашид БНАУ-тай цэргийн эмнэлгээс гадна энхийг дэмжих ажиллагаа, цэргийн боловсрол, сургалт, гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж болон уулын сургалт бэлтгэлийн чиглэлээр харилцаагаа идэвхтэй хөгжүүлэх талаар санал солилцлоо гэж Батлан хамгаалахын яамнаас мэдээллээ.
| Батлан хамгаалахын сайд Д.Батлут Австри улсын элчин сайд Вольф Дитрих Хаймыг хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.