Монголын үндэсний өв соёл, бүтээлч үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээ, хоолны соёлыг нэг дор нэгтгэсэн “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна наймдугаар сарын 11-нд эхэллээ.
Уг арга хэмжээ нь 2000 гаруй жилийн түүх, соёлоор аялуулах “Kharkhorum 360°” фестивалийн нэг хэсэг бөгөөд нийт 10 хоногийн турш үргэлжилнэ. Харин үндсэн “Kharkhorum 360°” фестиваль наймдугаар сарын 22-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” төслийн хүрээнд үндэсний гар урлал, хувцас, гоёл чимэглэл, хоол үйлдвэрлэл болон бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Төслийн зохион байгуулагч Б.Оюунномин хэлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёлыг орчин үеийн хэв маягтай хослуулан олон нийтэд таниулах, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих нь арга хэмжээний гол зорилго гэдгийг онцолжээ. Мөн соёл, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээг нэг дор төвлөрүүлснээр оролцогч аж ахуйн нэгж, уран бүтээлчдэд эдийн засгийн бодит үр өгөөж бий болгохыг зорьж байгаа аж.
Арга хэмжээг зорин ирсэн хүмүүс үндэсний өв соёл, уламжлалт урлалын бүтээлүүдтэй танилцахаас гадна гар урчуудын бүтээл хийх үйл явцыг дэргэдээс нь үзэх боломжтой. Түүнчлэн үндэсний болон орчин үеийн загварын үзүүлбэр, хөгжмийн зэмсэг урлах арга ажиллагаа, хоол үйлдвэрлэлийн танилцуулга зэрэг олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.
Мөн төслийн хүрээнд өдөр бүр 19:00-22:00 цагийн хооронд үнэ төлбөргүй соёл, урлагийн хөтөлбөр зохион байгуулах бөгөөд контент бүтээгчид, урлаг, спортын салбарын уран бүтээлчид оролцсон тоглолт, үзүүлбэр, уулзалт, танилцуулгуудыг багтаажээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү төслөөр дамжуулан үндэсний өв соёлыг зөвхөн үзмэр хэлбэрээр бус, орчин үеийн хэрэглээ, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалтай холбон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
“Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна олон нийтэд нээлттэй үргэлжилж байна.
| “Kharkhorum Chapter 4: Bazaar” арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж байна | ||
| Үзсэн: 98 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.