“Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)”-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн баталлаа.
ТЭЗҮ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, олборлолтын үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэх, техник, технологийн оновчтой шийдлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой баримт бичиг юм. ТЭЗҮ батлагдсанаар ашиглалтын зардлыг бууруулж, уурхайн бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна ордын иж бүрэн ашиглалтын үе шат, дэд бүтэц болон дагалдах үйлдвэрлэлийн хөгжлийг уялдуулан төлөвлөх боломж бүрдэж байна.
Мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, экспортын зах зээлийн төлөв, хүлээгдэж буй дэд бүтцийн хөгжлийг харгалзан Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах, цаашдын ТЭЗҮ-ийн тодотгол, хөгжлийн төлөвлөлтийн суурь нөхцөлийг энэхүү баримт бичиг бүрдүүлж байгаа юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи, Бортээг, Оорцогийн хэсгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглаж, жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн үйл ажиллагааг төлөвлөсөн. Төслийг бүрэн хүчин чадлаар хэрэгжүүлэх үед уурхайн байнгын ажлын байр 2,944-д хүрч, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр тооцоолжээ.
Түүнчлэн төслийн нийт хугацаанд улс, орон нутгийн төсөв болон тусгай сангуудад 261.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр тооцсон нь улсын эдийн засагт оруулах томоохон хувь нэмэр болох юм.
ТЭЗҮ батлагдсанаар компанийн үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн илүү нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдэхийн зэрэгцээ компанийн засаглал, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлж, цаашид нээлттэй хувьцаат компани болох үйл явцын чухал суурь нөхцөл бүрдэж байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.
| Тавантолгойн ордыг жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглах нэгдсэн ТЭЗҮ баталлаа | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.