Шууд Chart

Хүүхдийн зүрхний эмгэгийг бүрэн эмчлэх лаборатори нээгдлээ

2014-10-15 15:11:33

Ерөнхий сайдын багцын хоёр тэрбум төгрөгийн хөрөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зүрхний оношлогоо, эмчилгээний тасагт хамгийн орчин үеийн өндөр технологийн шинэ лаборатори нээгдлээ. Хүүхдийн зүрх судасны эмгэгийг дэлхийн жишигт нийцсэн дэвшилтэт технологиор оношилж, эмчлэх энэ лаборатори Азид  долоо дахь нь болж суурилагдсан юм. Зүрхний катетер-ангиографийн лабораторийн тоног төхөөрөмжүүдийг Герман улсын Siemens пүүсээс авчээ.

Шинэ лаборатори нээгдсэнээр өмнө нь зөвхөн гаднын эмч нарын баг ирэхэд л хийдэг байсан хүүхдийн зүрхний эмгэгийн нарийвчилсан оношлогоо, судсан дотуурх хагалгааг Монголын эмч мэргэжилтнүүд эх орондоо бие даан хийх боломжтой болж байна.

“Би 2007-2008 онд Туул ротари клубын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа зүрхний төрөлхийн эмгэгтэй 30 шахам хүүхдийг Солонгос улсад хагалгаанд явуулж байлаа. Энэ клубын шугамаар одоогийн байдлаар 300 гаруй монгол хүүхэд гадаадад эмчлүүлсэн. Тэгвэл одоо нарийн мэргэжил, өндөр технологи шаардсан өртөг ихтэй энэ төрлийн оношилгоо, эмчилгээг эх орондоо хийж чаддаг боллоо” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг лабораторийн нээлтэд оролцохдоо онцлоод, эмч мэргэжилтнүүдээ улам чадавхижуулан сургахыг эмнэлгийн удирдлагуудад захилаа. ЭХЭМҮТ өнгөрсөн хугацаанд эмч мэргэжилтнүүдээ Америк, Солонгос улсуудад сургаж дадлагажуулсан байна.

Лабораторийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулснаас хойшхи цөөхөн хоногийн дотор зүрхний төрөлхийн гажигтай 11 хүүхдэд эмчилгээ хийсний 6-д нь судсан дотуурх хагалгаа хийжээ. Энэ хүүхдүүд гадаадад эмчлүүлбэл тэрбум төгрөгийн зардал гаргах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Хүүхдийн зүрхний эмгэгийг бүрэн эмчлэх лаборатори нээгдлээ  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй