
Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын валютын чангарал бусад улсын валютын ханшийг сулруулж эхэллээ. Тухайлбал, иенийн эсрэг ам.долларын ханш сүүлийн долоон жилийн дээд өсөлтийг харуулаад байна.
Мөн австрали долларын эсрэг сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрлээ. Энэ оны есдүгээр сараас хойш ам.доллар огцом өсөлтийг үзүүлж эхлээд байгаа юм. Шинжээчид ам.долларын ханшийн энэхүү чангарлыг АНУ-ын Холбооны Нөөцийн банкны мөнгөний бодлоготой холбон тайлбарлаж байна. Холбооны Нөөцийн банк найман жилийн дараа анх удаа бодлогын хүүг өсгөх тухай эрчимтэй ярьж эхэллээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын хандлагыг өөрчилж АНУ-ын валют болон хувьцаануудын ханшид эергээр нөлөөлж байна. Мөн Холбооны Нөөцийн банкны зүгээс эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг хангалттай гэж үзээд бонд худалдан авах хөтөлбөрөө зогсоожээ. Харин ам. долларын эсрэг хамгийн их суларч буй валютаар рубль тодроод байна. Үүний хариуд ОХУ-ын Төвбанк интервенц хийсээр байгаа юм.
Харин эдийн засгийн багтаамжаар АНУ-ын дараа эрэмбэлэгдэх БНХАУ-ын юань ам.долларын эсрэг хамгийн тогтвортой зогсох валютын нэг болж байна. Учир нь БНХАУ дэлхийн хэмжээнд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж, юаниар хийх төлбөр тооцоо болоод санхүүгийн шинэ хэрэгслүүдийг олон улсын зах зээлд нийлүүлж байгаа юм.
Америкийн валютын чангарал бусад улсын валютын ханшийг сулруулж эхэллээ | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.