
Хүүхэд хэлд орсноосоо хойш янз бүрийн л зан гаргадаг юм шиг санагддаг. Заримдаа нэг их худлаа ярьдаг, заримдаа гэнэт хайртай хайртай гээд гүйгээд байдаг, заримдаа сайн байна уу, баярлалаа гэх мэт харилцааны хэл нэг их сайтай болчихдог. Энэ нь минийхээр бол тархинд нь тухайн үйлийг хийх нэг ширхэг нугалаа нэмэгдэж байдаг юм болов уу гэж бодогддог.
Нэг хэсэг хүүхэд ҮГҮЙ гэдэг үгийг хачин тод бас яг зөв үедээ хэрэглэдэг дээ. Миний охин лав тэгсэн юм даг. Ухаандаа энэ нь үгүйсгэх, татгалзах чадвар сууж байгаа хэрэг юм шиг байгаа юм. Тэгээд л охиноо яах нь вэ гээд л аль болохгүй юм асуухаар ҮГҮЙ гээд нээх зоригтой, итгэлтэй, чанга хэлэхэд нь баярладаг байсан.
Одоо миний охин том болсон л доо. Тэгэхдээ л бас хааяа ҮГҮЙ-гээ янзын тодорхой хэлдэг л юм. Зарим тохиолдолд үгүй гэж хэлж чадна гэдэг том чанар шүү дээ. Миний охин удахгүй том болно. Амьдрал хэмээх их айлын хаалгыг хүссэн ч, хүсээгүй ч татаж л таараа. Тэр үедээ миний охин яг бага байхдаа хэлдэг байсан шигээ ҮГҮЙ гэдэг үгийг тодорхой цагт нь итгэлтэй, зоригтой хэлж байгаарай.
Амьдрал сайн, муу зүйлс нь холилдож байж л амьдрал болдог. Харин хүмүүс сайнд нь их анхаарал хандуулсан уу, мууд нь их анхаарал хандуулсан уу гэдгээсээ хамаараад САЙН, МУУ хүн болж харагдаж бас САЙХАН, МУУХАЙ амьдардаг гэж аав нь боддог юм.
Ухаандаа амьдралын сайн сайхан, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй талд нь илүү анхаарал хандуулдаг хүн САЙН хүн болж, САЙХАН амьдрах нь элбэг байдаг гэх үү дээ. Тэглээ гээд бас муу, муухай зүйл чамайг тойроод байхгүй. Таарч л таарна. Яг энэ үед л миний охин өнөөх ҮГҮЙ гэдгээ ашиглана шүү дээ.
Архи болон бусад согтууруулах ундааг бүр уухгүй байвал сайн. Тэгэхдээ энэ их хэцүү. Ядаж өөрийнхөө хэмжээг мэдээд яг тааруулаад хэрэглээд сурчих хэрэгтэй. Тэгээд тэрнээс чинь илүүг хэрэглүүлэх гээд байвал ҮГҮЙ гэдгээ зоригтой хэн ч харсан за энэ чинь өөрийгөө мэддэг хүн байна гэхээр хэлчихэж бай.
Мэдээж залуу нас чамтай хамт байх үед чи ч гэсэн үеийнхэнтэйгээ хамт хөгжилдөн баясаж, бүжиглэн наадахаар цэнгээний газруудаар орж л таарна. Тэр үедээ хэтийдсэн наргиан, хэтийдсэн задгайрлаас аль болох зайлсхийгээрэй. Хэн ч чамаар хүсэхгүй зүйлийг чинь албадан хийлгэх эрхгүй. Тиймээс хүсэхгүй л бол ҮГҮЙ гэдгээ хэлж, тэр байр суурин дээрээ бат итгэлтэй зогсоорой.
Залуу насыг чинь дагаад үерхэл нөхөрлөл, хайр дурлал чамтай уулзана. Энэ үед мөн адил өөрийн орон зай, үнэт зүйлсээ хамгаалах чадвар асар чухал байдаг. Хэн нэгэн чамд хайртай л бол чиний хүслийг огоорох ёсгүй. Тиймээс чиний хүслээс хэтийдсэн шаардлага тавьж ямар нэг байдлаар илүү ихийг шаардаж байгаа нэгэнд зоригтойгоор ҮГҮЙ гэж хэлчихээрэй. Хэрэв хайртай бол тэр холдохгүй л байх ёстой.
За нэг иймэрхүү зүйлс дээр ямар ч байсан ҮГҮЙ гэдэг үгээ хааяа ууртай байхдаа аавыгаа үнсэх гэхээр ҮГҮЙ гэж хэлдэг байсан шигээ зоригтой, шийдэмгийгээр хэлээд сурчихвал их сайн шүү. Аав нь их мартамхай хүн болохоороо чамайг том болохоор хэлнэ гэсэн үгсээ мартчихаж магадгүй гээд биччихлээ.
Миний охины хэлж чаддаг "үгүй" гэсэн үг | ||
Үзсэн: 3101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.