
Энэ үг магадгүй их эртнээс асуугдаж ирсэн үг байх. Сүүлийн үед шинэ Оросууд бас шинэ Монголчууд их хэрэглэдэг болсон юм шив дээ. Ерөнхийдөө баянаараа гайхуулж хэн нэгнийг басамжлахад хэрэглэдэг үг шиг гэх үү дээ. Нэг бодлын их зөв асуулт юм. Чи ухаантай юм чинь баян амьдрах хэрэгтэй гэж.
Гэтэл баян ба ядуу гэдэгт ямар нэг теором байна уу? Яг ийм хүнийг баян гэнэ, ийм хүнийг ядуу гэнэ гэсэн товъёог байна уу?
Өмнө нь би хэлбэрээс ангижрахуйн тухай бичиж байсан юм шүү дээ. Үүнтэйгээ холбоод тайлбарлахад бол уг хүн өөртөө ямар их "баян" амьдарч байгааг нь мэдэхгүйгээр хүнээс ингэж асуух нь утгагүй юм. Нэг бол хүний нүднээс далд буюу өөрийн "ганц өмч" болох сэтгэл зүрхэндээ асар "ядуу" байж дээрх асуултыг хэн нэгнээс асууж явах нь ичмээр юм. Чухам энэ асуултад хариу болгон хэдэн үг бичмээр санагдсан тул өнөөдөр кейбоордоо элээн сууна даа.
Түүхийг харан, түүхэн хүмүүсийн амьдралыг судлаж байхад "Агуу сэтгэгчид" ядуу амьдарч байсан байх юм. Тэдэнд "алтан номын сан", алдрын титмийг ард түмэн хүртээж. Ард түмнийхээ дунд бядан аялаж тэдний хишгээр хоол залган ходоодоо баясгаж, мөр бүтэн хоног төөрүүлэх газартай амьдарч байсан нь ч олон байх юм.
Харин тэдний бүтээл, сургаалиуд нь тэднээс хамаагүй баялаг амьдарч байжээ. Нэг ийм үг байна. "Би хаашдаа авч явж чадахгүй байж дэлхийд тээр болох новш цуглуулж яах юм бэ?" гэж. Тийм л юм шүү дээ. Бид ид шидийн үрэл хүртдэггүй л юм бол эрүүл мэндийн шинжлэх ухааны бүх хүчин чадлыг өөртөө шингээсэн ч сайндаа 100 гаруйхан жил л энэ дэлхийн тоосыг хөдөлгөнө.
Тэгэхээр ухаантнууд өөртөө болон дэлхийд тээргүй амьдардаг юм байж. Тэглээ гээд тэд хэн ч өөрөөс нь хулгайлж үл чадах "ОЮУН САНАА"-ндаа асар баян амьдардаг байжээ. Үлгэрлэн хэлбэл тэд "хэлбэрээс ангид" амьдарч чаддаг атаархам чадварыг өөртөө бий болгож дийлдэг байсан байна. Одоо ч тийм хүмүүс олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
Бензин их иддэг том машиныг бус байгальд ээлтэй жижиг машиныг бүүр ердийн хөсөг, унадаг дугуйг, усыг учир зүггүй хэрэглэдэг технологийг биш нэг аяга усаар нүүрээ угаахыг, хоол унд, хувцас хунар, орон гэрээ сонгохдоо ч хэлбэр дүрс, хийц загвар, хэмжээ дамжаанд бус хэрэглээндээ тааруулахыг тэд эрхэмлэдэг. Ингэснээрээ өдөр тутамд биднээс аврал нэхэн ачлахгүй бол хэрхэн "сэгсрэх"-ээ сануулан байгаа "цэнхэр гариг"-таа таалагдан, дараа бололгүй амьдардаг байж.
Магадгүй бас тэд мөнгө болон эрх мэдэл хэзээ ч "цэвэр" олддогүйг мэддэг тул өөрийгөө "бохирдуулахыг" хүсдэггүй байх. Гэтэл нэгэнт л хэлбэрийг шүтэн, хэлбэрийн өрсөлдөөнөөр амьдарч байгаа хүн бол өөрийн хэрэглээнд бус өнөө цагийн хэлбэрийн оргилд хүрэхэд захирагдан амьдарна. Энэ нь түүний үхэхдээ аваад явах ганц өмч болох "ОЮУН САНАА"-тай нь огт холбоогүй байж тэрхүү хувийн өмчиндөө ямар их "ядуу" амьдарч байгаагаа ухаарахгүй "тэнэг" болгодог.
Иймэрхүү л дүгнэлт гараад байна даа. Тэгэхээр ухаан-хөрөнгө хоёрт ямар нэг шууд проперциональ хамаарал байхгүй болж таарч байна.
Эцсийн бүлэгт "Байгаадаа сэтгэл хангалуун байх нь аз жаргалын үндэс юм" гэдгийг хэлчихэе.
Юмгүй байх зовлонтой ч, юмтай байх нь бүүр ч их зовлонг дагуулдаг.
Ядуугаа нуух гэсэн санаархал биш, ялгаж салгах гэсэн дүгнэлт гэж ойлгоорой.
Нэг торхонд амьдарч, түмний буянаар амь зогоогч нэн ядуу эрхэм зөвхөн "НАР"-тай л ярьдаг байсан гэлцэх. Тэрээр ард түмний дунд өгүүлэшгүй өндөр алдарт хүрсэн агуу сэтгэгч байсан тул түүнд нэгэнтээ тус хүргэхээр шийдсэн Александр Македонский түүн дээр очоод "Та хүссэн зүйлээ хэл. Би агуу Македонский танд туслахдаа таатай байна" гэхүйд. "Та холдоод өгөөч миний нарыг халхлаад байна" гэсэн байдаг. Тэр өөрийгөө НАР-тай харьцуулан амьдарч байхад "өчүүхэн Александр"-аас юу хүсэхэв дээ.
2011-09-27 14:00:36
Чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ? | ||
Үзсэн: 4543 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.