
Дэлхий ертөнцд даяаршил хэмээх том давалгаа өрнөж байна. Даяаршина гэдэг нь чухам юу юм. Хил хязгааргүй, элдэв саад тотгоргүй, зөрүүтэй ойлголтгүй, ижил түвшний нийгэм бий болгохыг хэлээд байх шиг байгаа юм. Үүний цаана соёл, эдийн засаг, амьдралын хэв загвар гэх мэт олон зүйлсийн даяаршлаар дамжуулан жижиг үндэстнүүдийг залгих гэсэн том гүрнүүдийн санаархал ч явж байгааг анзаарах хэрэгтэй шиг санагддаг.
Технологийн дэвшиил болон хүмүүнлэгжих гэх мэт зүйлсд бид даяарчлагдах нь зүйн хэрэг бөгөөд эд нараас хоцорвол харин ч алдаа болох нь тодорхой. Гэвч бид энэ их давалгаанд живж уусахгүйн тулд юугаа барьж үлдэж ОНЦГОЙрсноор эцэг өвгөдийнхөө амиараа хамгаалж, цусаараа бичиж үлдээсэн Монгол түүх, Монгол үндэстнээ авч үлдэх юм бэ?
Минийхээр бол бидэнд хэнд ч байхгүй нүүдэлчин соёл болон нүүдэлчдийн "СЭТГЭЛГЭЭ"-ний агуу онцлог байгаа. Мэдээж бөө мөргөл, буддын шашин, амьдралын хар ухаан холилдон байж олон зууны туршид бүрэлдэн тогтсон энэхүү "соёл" маань бидний дархлаа болох ёстой байх гэж бодож байна.
Бидний сэтгэлгээнд "бэлгэдэл" гэж айхтар том оршихуй бий. Магадгүй мухар сүсэг мэт харагдаж болох ч түүний ард төрөө дээдлэх, түүхээ дээдлэх, соёлоо дээдлэх, ёс зүйг дээдлэх ухагдахуунууд нь оршиж байдаг. Бид олон зуун дамжсан ороо бусгаа түүхийн замд шахсан бяслаг шиг болтлоо шүүгдсэн энэ бичигдээгүй агуу сургаалиудаа өөрөсдийн "бамбай" болгож байж л хүссэн хүсээгүй нөмөрч байгаа даяарчлалын их үерээс ҮНДЭС угсаагаа онцгойруулан авч үлдэх байх гэж мөхөс би бодно.
Яагаад үүнийг бичих болсон бэ гэхээр өнөөдөр нийгмийн сүлжээнд төв цэнгэлдэх хүрээлэнг бойны газар болгон ашигласан тухай мэдээ их дэлгэгдэж хүмүүс ч өөр өөрийн өнцөгөөс харж халаглах нь халаглаж, хараах нь харааж харин зарим нэг нь өмгөөлж, "өө байх л зүйл шүү дээ" гэж хэнэггүйтэн хүлээж авчээ. Магадгүй хувийн өмчдөө юу хийх нь тэр ЭЗЭН хүний эрх байх л даа. Хэдэн төгрөг биш юм гэхэд өвлийн идшээ олоо байлгүй хөөрхий.
Гол эмзэглэсэн маань манай интернэтийн орчинд ажиллахуйц хэмжээнд хөгжсөн хүмүүс, ирээдүй үе маань Монгол төрийн их цэнгэл наадам болдог энэ дэвжээ нь жилдээ нэг удаа төрийн баяр наадам болж төрийн их цагаан сүлд заларч өнөөх яриад байдаг босоо цагаан хийморьтой бөхчүүд маань зодоглож, хурдны манлай ажнай хөлгүүд маань цоллуулдаг, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулдаг хүчит тамирчдийн маань бэлтгэлээ базааж, ард түмнээрээ шагшуулан магтуулдаг энэ сайхан газарт БОЙ хийхийг байдаг л нэг зүйл шиг үзэж байгаад оршиж байгаам.
Хаана байна өнөөх Монгол сэтгэлгээ гээч маань. Цахим ертөнцийн мэдээллийн их шуурга, урлагаар ялангуяа кино урлагаар дамжин орж ирж байгаа харийн соёл, насанд хүрэгчид, улс төрийнхний уваагүй явдлуудад уусан алга болж байгаа нь энэ юм уу? Монгол хүн гэртээ хонь гаргах явдал байдаг тэгэхдээ хойморьтоо чирж аваачаад төхөөрчихдөггүй биз дээ.
Гэтэл энэ олон гэр хорооллын айлууд, албан байгууллагын хашаа хороо гээд өчнөөн нүднээс далдлах газар байхад яагаад заавал төрийн 9 хөлт цагаан туг залардаг их баяр наадмын хойморьт маань улай үйлдчихэв дээ. Зарим нь намайг популист энэ тэр гэж байна билээ. Яахав бас зарим газар, зарим зүйл дээр тийм байх хэрэгтэй бол тийм л байя.
Монгол хүн эх захаа мэддэг, эрхт төрөө дээдэлдэг, элдэв зүйлд бэлэгдлээ боддог, эхлээд нэр төр, ёс зүйгээ тавьдаг МОНГОЛ сэтгэлгээтэй байхын төлөө бол юу ч болсон яахав дээ. Даяарчлал нэгэнт тодорхой болсон энэ цаг үед "онцгойрох" өмч минь "МОНГОЛ СЭТГЭЛГЭЭ"-ний онцлог байна гэдэгт итгэлтэй байна.
Энэхүү онцлог нь ҮНДСЭН ХУУЛЬ шиг данагар байж үүрд биднийгээ чимж явах болтугай.
Та бүхэн өөрөсдийн санал бодлоо доор үлдээнэ буй заа.
Даяаршлын үед бид юугаараа онцгойрох юм бэ? | ||
Үзсэн: 5790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.