Шууд Chart

Гэр орноосоо дайжсан хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамж халамжийн үйлчилгээнд хамруулна

2014-12-15 10:05:16

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Хараа хяналтгүй хүүхдүүдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/1037 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт хараа хяналтгүй яваа,  гэр орноосоо дайжсан хүүхдүүдийг илрүүлэх, гэр бүлд нь эргэн нэгтгэх, асран хамгаалагчид буцаах боломжгүй тохиолдолд халамж асрамжийн үйлчилгээнд хамруулах нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү арга хэмжээнд төвийн 6 дүүргийн гудамж, зах, орц, хонгил, хоолны газар, кино театр, РС тоглоомын газар болон эрсдэл өндөр газруудад хараа хяналтгүй явдаг, гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлж, зах, олон нийтийн газар гуйлга гуйдаг зэрэг хаяг нь тодорхой болон тодорхойгүй 18 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөж байна.

Захирамж гарсантай холбогдуулан дүүргийнхээ нутаг дэвсгэрийн хэмжээнд хараа хяналтгүй яваа хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг томилж, шаардлагатай төсвийг шийдвэрлэж ажиллахыг  Дүүргийн Засаг дарга нарт, асран хамгаалагчид буцаах боломжгүй хүүхдүүдийг халамж асрамжийн төвүүдэд байрлуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт үүрэг болголоо.

Арга хэмжээнд шаардагдах  8 сая 171 мянган төгрөгийг тэнэмэл орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон байраар хангах зардлаас гаргахаар болж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлт,  нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалайд даалгалаа.


Гэр орноосоо дайжсан хараа хяналтгүй хүүхдүүдийг асрамж халамжийн үйлчилгээнд хамруулна  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй