
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан төсөвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерөнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль өнөөг хүртэл батлагдаагүй байгаа аж. Дэлхийн ихэнх улс орнууд, тэр дундаа АНУ, Япон, Солонгос зэрэг улсуудын хувьд хотын татварыг төрөлжүүлэн авдаг бөгөөд хотын татвар нь худалдааны, оршин суугчийн, хот төлөвлөлтийн албан татвар гэсэн төрөлтэй, зарим тохиолдолд хотын албан татварын тусгайлсан хуулиар зохицуулагддаг.
Татварыг орлогод, хөрөнгөд болон хэрэглээнд гэсэн гурван үндсэн зүйлд ногдуулдаг байна. Эдгээрээс хотын татварыг ногдуулах хамгийн зохистой зүйл бол хэрэглээ буюу хотын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ юм. Дэлхийн орнуудын дээрх туршлагад үндэслэн төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах гэх мэт хотын өдөр тутмын амьдралд тулгарч буй олон асуудлыг эдийн засгийн аргаар шийдвэрлэх зорилгоор нийслэл хотод бизнес эрхэлсэн бол энэ төрлийн татварыг ногдуулдаг байхаар хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд нийслэл хотын албан татварыг албан татвар суутгагчийн борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулахаар тусгасан байна.
Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг нийслэлийн ИТХ-аас 0-1.0 хувийн хязгаарт багтаан батлахаар төсөлд тусгажээ. Гишүүд дээрх хуулийн төсөлд засч сайжруулах, тодруулах зүйлс олон байгааг хэлж байлаа. Ингээд хэлэлцүүлгийн явцад нухацтай ярилцах нь зүйтэй гэж үзээд хэлэлцэхийг дэмжсэн байна.
Нийслэл татвартай болох эсэхийг УИХ-аар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.