
Мэргэжлийн теннисчдийн хоёр ч томоохон тэмцээн он гарсаар Австрали тивд зохион байгуулагдаж байна. Үүний өмнө нь Бристен хотноо олон улсын тэмцээн болж өндөрлөсөн бол энэ удаад Дэлхийн шилдэг теннисчид Австралийн Мельбурн хотноо цугларчээ. Талбайн теннисний энэ оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн” өнөөдөр эхэлж хоёрдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон хос, холимог хос, өсвөрийн ангилалд явагдана.
Энэ жил 103 дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээний нийт шагналын сан 40 сая австрали долларт багтаж байна. Тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэй, эмэгтэй аваргууд тус бүр гурван сая австрали долларын шагнал хүртэх бол эхний тойргийг давахад 35 мянган австрали долларын мөнгөн шагнал хүртэх юм.
Тэмцээний ганцаарчилсан төрлийн эмэгтэйчүүдийн ангилалын нэгдүгээр тойргийн тоглолтууд эхэлсэн бөгөөд эхний тоглолт чансааны гуравт эрэмбэлэгдсэн Румыны Симона Халеп Италийн Кнапп нарын дунд өрнөж 6:3, 6:2-оор Симона хожсоноор хоёрдугаар тойрогт шалгарлаа. Тэрээр дараагийн тойрогт талбайн эзэн орны тамирчинтай оноолт таарчээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жилийн тус тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд одоогоор дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Швейцарийн Стан Вавринка түрүүлж байсан. Түүний хувьд “Их дуулга” тэмцээнд анх удаа түрүүлсэн юм. Харин эмэгтэйчүүдийн аваргаар БНХАУ-ын Ли На шалгарсан.
Австралийн нээлттэй тэмцээн эхэллээ | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.