
Нэг л их "Би" гэж цээжээ дэлдсэн нөхөр байна гэж битгий шүүмжлээрэй. Хааяа үнэхээр өөртөө ч итгэхээ байж байна шүү дээ. Олныг үл нуршин өгүүлсүгэй.
Би заримдаа... өөрийгөө нохой мэт өнгөний сохор болчихсон байх гэж айх боллоо. Яалт ч байхгүй цагаан шугамны ард улаан гэрлээр ирээд зогсохоор л хойноос нэг буюу нэлээн хэдэн нөхөд дуут дохио хангинуулан "загнах" юм. Хараагаа шалгуулахаас.
Би заримдаа... өөрийгөө сүнс мүнс хардаг болчихов уу хэмээн эвгүйцэх боллоо. Гэгээн цагаан өдөр, гэрэлт шар нарнаар шүү дээ. Ард талын жолооч байтугай ард талын буудал дээр зогсож байгаа эмгэн ч харахуйцаар цагаан шугамаар "хүн" зам хөндлөн гарч байхад би зогсоод гаргаж байгаа юм. Ер нь ч гарцан дээр байгаа хүмүүсийг хүндлээд зам тавьж өгч байхгүй бол бүгд гарцгүй газраар бэлчихвий хэмээн айдаг хүн шүү дээ. Гэтэл л хойноос мөргөчих гээд бүүр хэрэг болгон цонхоороо цээжээ гаргаж ирээд хараал чулуудах арын жолооч миний харсан хий үзэгдлүүдийг хараагүй байж таарна. Сэтгэл, мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхээс.
Би заримдаа... зарим жолооч нарыг хөгжлийн бэрхшээлтэй юм байхдаа гэж өрөвддөг юм. Гүй ээ яахав дээ. Миний хувьд бол жолооны хүрдээ эргүүлэхдээ аль нэг хуруугаараа жаахан ёврох төдийд хөдлөөд намайг хаашаа эргэх гэж байгааг, эгнээ байр солих гэж байгааг бусад жолооч нарт харуулж байдаг "дохионы гэрэл" гээч юмны тухай л ярьж байна шүү. Чааваас хөөрхий хуруу юм нь дутуу болоод л тийм амархан үйлдлийг хийж чаддаггүй юм байлгүй дээ. Түүнээс эгнээ байр солихдоо ард машиндаа анхааруулах, эгцээрээ явахгүй эргэх тохиолдолд уулзвар, гарц дээр байгаа машинуудад анхааруулах гэх мэт олон ашиг тус өгдөг, хуруу инчдэхээс амархан хөдөлдөг ДОХИО гээчээ өгч чадахааргүй "БЯР"-гүй байна ч гэж юу байх вэ. За даа заримых нь тархины "БЯР" хүрдэггүй байж мэднэ ээ.
Би заримдаа... өөрийгөө л их тайван хүн юм байхдаа гэж боддог боллоо. Тайван ч юу байх вэ энэ их ачааллын дунд бас бусдад гай болоод яахав гээд мөрөөрөө, дүрмээрээ салгалмар болдог жолооч л доо. Тэгэхэд зарим нэг өөрийгөө "Шумаахер, Сэргэлэн Баагий" гэж бодоод хөөрчихсөн нөхөд 1-р эгнээгээр сүнгэнэх, урсгал сөрж дүнгэнэх, эргэсэн машинд зориулсан эгнээг ашиглах, өөрийн чиглэлийн бус эгнээг ашиглах гэх мэт олон сүрхий арга хэрэглэх юм. Бодвол тэд нар л аймаар ажилтай байдаг байх л даа. Эх орныг тэд л хөгжүүлэх гээд яарч байдаг байх. Бид ямар гавьж хөгжүүлж "дойлуурын" ханшийг багасгаж, доголдсон эдийн засгийг сэргээх биш зам дээрээ тэгээд цувж зогсонгоо бохио зажлаад сууж байх ёстой юм байх. Ер нь зарим нэгэн тийм мундаг ажилтай хүмүүст нь ерөнхийлөгчийн хамгаалалтаас зээлүүлдэг ч юм уу? ядаж эмнэлгийн тэрэг өгчихвөл мөрөөрөө яваа бид атаархаж, тэдэн шиг "үймүүлэх" юмсан гэсэн атгаг санаа төрөхгүй амар юм дөө.
Би заримдаа... зам ч нэг үеэ бодвол хачин сайхан болчихлоо шүү, одоо жолооч нарын тархин дахь зам жаахан сайжраасай гэж боддог боллоо.
Би заримдаа... энэ нэг гэрлэн дохионыхоо хуваарийг замын цагдаагийнхан шалгачихгүй юм байх даа. Ганцхан энд л байнга гацаж байх юм. Ядаж байхад 3 замын уулзварт 4 замын дохио тавьчихжээ хэмээн дотроо нэг их томордог юм.
Би заримдаа... яг хажуугаар нь гарцгүй газраар гүйж яваа явган зорчигчдод замын цагдаа нар торгууль биш юм гэхэд сануулга өгч байгаасай хэмээн шаналах юм.
За даа өөлвөл өндгийг ч өөлдөг юм гэнэ лээ. Өөрөөсөө буруугаа хайгаад өнгөт орчлонгийн хар зам дээрээ бусад жолооч нараа дэмжээд л явж байя даа.
Танд заримдаа ямар бодол төрдгийг доор бичээрэй.
Хүндэтгэсэн Анжигай
Би заримдаа... | ||
Үзсэн: 2395 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.