
Дээхэн үед хүүхэд байхдаа энэ үгийг хэлж хэрүүлээс зайлсхийдэг ч байсан юм уу хэрүүл эхлүүлдэг байсан юм даа. Ухаандаа "Чи одоо юундаа үнэд ороод байгаа юм" энэ тэр гээд хүн үг хаяад ирэхээр нь "Хүн үнэд ордоггүй, хүнсний ногоо үнэд ордог юм" гээд л дуржигнуулчихдаг байлаа.
Угаасаа ч тухайн цаг үед "ХҮН"-ий үнэлэмж өөр байсан юмдаг уу даа. Ухаандаа социалист нийгэмд бүгд тэгш амьдрах жанцантай тул дарга, цэрэг, эрдэмтэн, ажилтан бүгд л "атузандаа" суугаад, махандаа оочирлоод амьдардаг үүнийгээ ч зүй ёсны социалист хамтын амьдрал хэмээн итгэдэг байлаа.
Гэтэл өнөөдөр тийм биш болжээ. Чухам л өөрийгөө үнэд оруулж, үнэлж явахгүй бол нэг л өдөр "өөхөнд боосон ч нохой шиншихгүй, өвсөнд боосон ч үхэр идэхгүй" нэгэн болчих гээд байдаг болж. Иймээс дор бүртээ өөрийгөө үнэлж, чаддаг мэддэгээ харамгүй товойлгож, томруулж явах цаг ирсэн байна шүү нөхөд минь. Тэгэхдээ бас донжийг нь олж томорч амьдрахгүй бол хүнд сурталтай, гар харсан нэгэн шиг "суудлаараа дарамталж", "төрийн нүүрээр түнтэгнэж" болохгүй гэдгийг санаарай. Заримдаа ч үнэндээ л "хаанаасаа хаалгач"-ийн үлгэрт гүйцэгддэг шүү.
Арван жилд байхад ангийн багш "Эрдэм сураад толгойдоо хийгээд авбал чамд л хэрэгтэй. Тэрийг чинь хэн ч чамаас булааж чадахгүй" хэмээн улиг болтол үглэдэг байсан нь одоо л орой руу орж багш минь яах гэж тэгж "УЛИГ" болгоод байсныг ухаарна. Хичээл хийхээсээ илүү сахилгагүйтэх нь их байсандаа гэмшинэ.
Ер нь бол "сандал суудал, сайхан царай, хөрөнгө мөнгө, танил нөхөд" бол хувьсамтгай зүйл тул хэн нэгэн танаас булааж авч чадна. Тиймээс дээрх зүйлсээр өөрийгөө битгий "ҮНЭД" хүргээрэй. Харин "авьяас билэг, эрдэм мэдлэг, чин сэтгэл, гүн зүтгэл" зэрэг зүйлсийг хэн нэгэн дууриаж л чадахаас булааж чадахгүй нь сайхан. Тиймээс эдгээр зүйлээр л "ҮНЭД" орж амьдармаар байгаа юм.
Бас нэг гайтай зүйл байгаа нь таны үнэ цэнэ "цаг хугацаа" гээчээр хэмжигддэг юм. Ухаандаа "Хүний сайныг ханилан байж, Хүлгийн сайныг унан байж" мэддэгтэй нэгэн адилаар хэн нэгэн дарга даамал, албан газар таныг хүссэн хэмжээнд хүртэл үнэлэхгүй байх тохиолдол элбэг. Ийм тохиолдолд битгий шантарч, шаналаарай. Харин ч хамгийн том шалгууруудын нэг болох "ЦАГ ХУГАЦАА" гээчээ ашиглаад өөрийгөө хэн болохыг баттай харуул, цаашдаа салж хагацахгүй "ханилах" сонирхол төртөл нь үзүүлээд өг.
Манай ихэнх залуучуудад харагдаад байгаа томхон дутагдал бол "цаг хугацаа"-г үнэлэхгүй байх явдал шиг санагддаг. Жаахан ажиллаж байснаа "Аан энэ онцгүй ажил байна. Энэ салбарт би ирээдүйдээ гялалзаж чадахгүй юм байна. Цалин нь бодсоноос бага юм. Хамт олон нь нээх хүйтэн хөндий шог гарууд байна" гэх мэт "ШАЛТГААН" бус "ШАЛТАГ" тоочин шантрах нь элбэг. Харин үүний эсрэг "Энэ ажлын сонирхолтой талыг олж харъя. Энэ салбарт гялалзсан амжилт гаргасан анхны хүн болъё. Цалинг минь нэмээд авч үлдэхээс аргагүй болтол нь ажиллая. Хамт олныг би дагаж бус хамт олон намайг дагаж байг" гэх мэтээр бодохгүй байгаа нь харамсалтай. Мэдээж зарим нэг тийм "МУНДАГ" залуус байна аа байна.
За за нэг л их буурал сахалтай өвгөний сургааль аятай болчихлоо. Ингэсгээд өндөрлөе. Эцэст нь хэлэхэд, таны хэр "ҮНЭД" хүрэх нь таны эзэмшсэн мэдлэг, чадвар цаг хугацааны шалгуурыг хэр давж байгаагаар үнэлэгдэхээс гадна хамт олны дунд хэрхэн ажиллах, шинэчлэлт, өөрчлөлтийг хэрхэн эерэг мэдрэмжтэй хүлээж авч байгаагаар ч хэмжигддэг юм шүү.
Мөн хэзээ ч балрахгүй нэг ТОМ үнэлэмж бол та өөрөө "ХҮН" байх гэдгийг анхаараарай. Хүнсний ногооноос илүү "ХҮН" үнэд ордог энэ нийгэмд сайхан амьдрахад тань амжилт хүсье.
2012-02-07 13:02:22
Хүн үнэд ордоггүй, хүнсний ногоо үнэд ордог ... | ||
Үзсэн: 2266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.