
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн болж, дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Дүүргүүдийн нутаг дэвсгэрт гарсан гэмт хэргийн болон захиргааны зөрчил өмнөх 14 хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.
Хан-Уул дүүрэгт өнгөрсөн 14 хоногт томоохон хотхон, хаусуудын цонхыг хагалан хулгай хийж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн гаралт ихэсчээ. Тиймээс одоо ажиллаж байгаа камеруудыг хүчин чадал сайтай камераар солих, нэгдүгээр давхрын цонхонд төмөр хаалт хийлгэхийг СӨХ- дод үүрэг болгох шаардлагатай байна гэлээ.
Харин Сүхбаатар дүүрэгт гэмт хэргийн нийт 1147 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.3 хувиар өсчээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 339 байна. 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан нийт 3416 зөрчлийг илрүүлэн 3206 хүнд 26936500 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Чингэлтэй дүүрэгт өнгөрсөн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 257 өргөдөл, мэдээлэл ирүүлсэн нь өмнөх 14 хоногоос 12 нэгжээр буюу 4.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Налайх дүүрэгт хулгай 1.6, хүчин нэг, танхай нэг дахин, бусад 15.3 дахин өссөн, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 33.3 хувь, Бусдын бие махбодид гэмтэл учруулах 7.1 хувь буурсан үзүүлэлттэй байна. Дүүргийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар долоон иргэний газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилсөн. Нэг удаагийн захирамжаар нэг аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг сэргээсэн гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд сүүлийн 14 хоногт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 2929 гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээллийг бүртгэн ажилласан нь өмнөх 14 хоногоос өссөн үзүүлэлттэй байна. Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Аюулгүй Саппоро” арга хэмжээг 2014 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны нэгдүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулж “Саппоро” үйлчилгээний төв, автобусны буудал орчмоор байнга архидан согтуурдаг, биеэ үнэлдэг 108 этгээдийг баривчлуулсан байна.
Харин Баянзүрх дүүрэгт нийт 3043 дуудлага мэдээлэл ирснээс захиргааны шинжтэй 1807, гэмт хэргийн шинжтэй 644 дуудлага иржээ. Нийт дуудлага 4.8 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй дуудлага 0.1 хувиар буурсан, захиргааны зөрчлийн шинжтэй дуудлага 51.63 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Багануурт захиргааны зөрчлийн шинжтэй 139 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногоос дөрвөн нэгжээр буюу 2.9 хувиар өссөн байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан “Сар шинийн баярыг угтаж, урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай” удирдамжийн хүрээнд гурван худалдааны төв, дөрвөн минимаркет, 70 иргэнийг хамруулан хяналт шалгалтыг явуулан 31 зөрчил илрүүлж, 23 зөрчлийг арилгуулж, 13 заалт бүхий байцаагчийн албан шаардлага гаргаж, холбогдох газарт хүргүүлэн ажилласан байна.
Орон байрны хулгайчаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна | ||
Үзсэн: 547 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.