Шууд Chart

Арьс бол хүний хамгийн том эрхтэн мөн

2015-03-09 04:36:06

Арьс гэж хүний биеийг бүхэлд нь хучин байх зөөлөн хучаас эдийг хэлдэг. Арьсны талбай тухайн хүний нас хүйс, жин, өндөр нам зэргээс хамааран харилцан адилгүй байх ба дунджаар 1.5-2 мкв орчим гэж үздэг. Арьсан дорхи өөхөн давхаргыг тооцолгүйгээр 2 мм орчим зузаантай байна. Арьс хүний биед гаднаас нэвтрэх элдэв халдвар, хөнгөн гэмтлээс хамгаалах үүрэгтэйгээс гадна, дулааны болон агаарын солилцоог зохицуулж, биеэс хэрэгцээгүй илүүдэл зүйлсийг хөлсөөр дамжуулан гадагшлуулах үүргийг ч гүйцэтгэдэг юм. Хүн зөвхөн уушгиараа биш арьсаараа амьсгалдаг ба биеийг хэт хөргөхгүй, хэт халууцахгүй тэнцвэртэй харьцаанд байлгах үүргийг ч арьс гүйцэтгэнэ. Тэрчлэн хүн ажил хөдөлмөр хийх, явах суух, хүүхэд төрүүлэх, чөлөөтэй хөдөлгөөн хийх зэрэгт зохицом зарим хэсэгтээ зузаан, зарим газраа нимгэн байдаг. Тухайлбал, хөлийн ул, гарын алга, өвдөг, тохой бусдаасаа илүү зузаан хөрслөг арьстай, өгзөг, умдаг, гуя, хэвлий нимгэн, зөөлөн, дороо өөхөн давхаргатай байдаг нь мөн л гүйцэтгэх өвөрмөц үүрэгтэйгээс тэр. Арьс нэлээд хэдэн газраар салст болон үргэлуилсэн байдаг. Тухайлбал, уруул, зовхи, бэлэг эрхтэн гэх мэт. Арьс өөрөө гурван давхар байх ба гадна талын хэсэг нь арай зузаан, зарим хэсгээрээ толгойн үстэй төсөөтэй бүдүүн ширхэг бүхий үсээр бүрхэгдсэн байх ба бусад хэсгүүд нь мэдрэгдэхгүй шахам шар үсээр бүрхэгдсэн байдаг нь амьсгалах, хөлс гадагшлуулах, ус, давсны тэнцвэрийг хадгалах зэрэг олон үүрэгтэй. Тиймээс арьсаа байнга цэвэр байлгах нь эдгээр зохицуулалт чөлөөтэй явагдах боломжоор хангадаг юм.

Арьс бохир байснаас үүдэн элдэв нян хадгалагдан үлдэх, дотогш нэвтэрсэн хэсэг нь хөлс, амьсгалтай хамт гадагшилж чадалгүй саатаж, үрэвсэл болох, буглаа үүсэх, улмаар цусанд нэвчин яс, бусад эд эрхтэнг гэмтээх эрсдэл дагуулдаг. Арьсны өнгөн хөрсний давхаргыг эвэрлэг гэж нэрлэх бөгөөд энэ давхарга байнга ховхрон унаж, шинээр солигдож байдаг онцлогтой. Арьс их хуурайшсан үед хаг мэт бужигнасан жижиг цайвар зүйл анзаарагддаг нь хууран унасан арьсны хэсгүүд юм. Арьс ингэж гуужиж чадахгүй саатсанаас болон цайвар хавтгай гялгар өнгөр тогтдог нь нэг төрлийн үлд юм. Арьсанд цус, маш нарийхан хялгасан гэх судаснууд тархан байрлахаас гадна үс уутны хамт, хөлсний булчирхай, хумсны уут байрлаж байдаг. Сайн харах юм уу өсгөгчөөр харахад хүний арьс газрын хөрс мэт барзгар, олон ховилтой, дундаа жижиг нүхнүүдтэй харагддаг шүү дээ. Тэдгээр нүхээр хөлё, илүүдэл өөх тос ялгарч байдаг гэсэн үг. Тос бөглөрсөн тохиолдолд жижиг идээт гүвдрүү гарах ба улмаар хатиг болон хүндэрдэг. Хүн бүрийн арьс бүтцийн хувьд өөр өөр байх ба ялангуяа хурууны өндгөн дэх хээ дахин давтагддаггүй онцлогтой. Харин хөлсний булчирхай зарим нэг салслаг хэсгээс бусдад нь байдаг бөгөөд дух, гарын алга, хөлийн тавхай, хурууны салаа, суга, хүзүү, цавь зэрэг газруудад илүү их бөөгнөрсөн байдаг. Тиймээс хүн сэтгэл хөдлөх, айх, ичих, халууцах, биеийн хүч гаргах тохиолдолд эдгээр газрууд илүү хөлрөх ба байнга цэвэрлэж байхгүй бол суга /хулмас гэх/, хөл /шивэртэх/ зэргээр таагүй байдал үүсдэг. Хөлсний найрлаганд шүвтэр, давс, хүчил зэрэг олон төрлийн бодис байдаг тул аль нэг нь давамгайлсан үед дээр дурдсан таагүй үнэртэй болж хувирдаг. Үүний эсрэгээр хөлсний булчирхай нь сул, эсвэл огт ажиллахгүй байхыг ховор тохиолдох эмгэг гэж үздэг. Хөлсний булчирхайтай хамт тосны булчирхайнууд тархан байх ба илүү хөлрөмтгий хэсэг болох дух, гарын алга, цээж, тавхай орчмоор илүү байна. Ихэнх тохиолдолд хөлсний бөглөрөлттэй хамт том гадагшлах нь саатдаг тул нүүр, цээжээр батга гарах нь бий. Тиймээс хүний арьс арчлах өвөрмөц журам, зохицуулалтын тос, түрхлэг хэрэглэх бол мэргэжлийн эмчээс гоо сайхны зөвлөгөө авах нь элдэв өвчин эмгэгээс хамгаална.

 

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос

 


Арьс бол хүний хамгийн том эрхтэн мөн  
Үзсэн: 6844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй