
За Солонгос улсад хэрэндээ л олон музей үзэж сонирхож явлаа. Түүн дотроос бүүр нэг та бүхэнд заавал тайлбарлаж үзүүлэх юм шүү гэж бодогдсон музей бол энэ. Солонгос гэдэг улс байнга л ийм хөгжилтэй, баян тарган, гаднаас хүмүүс очиж "харлаж" байдаг улс байгаагүй юм. Тэр байтугай тэд өөрсдөө гадаадад гэрээт ажиллах хүчнээр очиж ажиллаж байсан тухай түүхэн музей юм.
Музейн сүүлийн хэсэгт одоо солонгосчууд аль аль улсад хэрхэн амьдарч байгаа тухай өгүүлсэн байсан. Энэ музейг анхны шилжин суурьшигчдын 100 жилийн ойд зориулан байгуулсан юм гэнэ билээ. Ерөнхийдөө Инчеоны боомт түүнээс цаашлан Солонгосын шинэ цагийн хөгжлийг бий болгоход энэхүү үйл ажиллагаа томоохон дэвшил болсон гэж үздэг ажээ.
Тэгээд боджээ байхад өнөөдөр Монголын маань залуучууд гадаадад очиж ажиллаж байна. Тэд маань ч бас л тухайн улсын соёл, технологийн шинэлэг бүхнийг сурч байгаа, түүнийгээ мэдээллийн бүх хэрэгслээр болон биеэрээ Монголдоо импортлож л байгаа байх.
Мэдээж бас хар бараан, болохгүй бүтэхгүй зүйлсээс наалдаад ирчихсэн байгаа байх. Хэзээ нэгэн цагт Монгол Улс хөгжил өндөртэй орны тоонд ороод манайх руу бас л нэг орны нөхдүүд ирж ажилладаг болох байлгүй. Тэр үед өнөөдөр гэр бүлээ орхин, үр хүүхдээ өнчрүүлэн харь оронд амьдрал хөөж тэндээсээ оюуны болон санхүүгийн хөрөнгө оруулалт хийн эх орноо ядарч явах үед нь чадах чинээгээрээ дэмнэж байсан энэ олон залуучуудын энэ цаг үе мартагдаад өнгөрөх болов уу? гэж бодно.
Хэн нэг нь санаачилга гаргаад үүн шиг музей байгуулан хойч үедээ Монголын нэн шинэ түүхийн нэгэн улбааг таниулж чадах болов уу? хэмээн горьдоно.
Солонгост байх үед уулзсан монгол залуу хүн бүрээс л ажил, амьдрал, цаг хугацаа, мөнгө санхүүгийн "өндөр хариуцлагыг ухамсарласан" үнэр үнэртэж байсныг хэлэхэд таатай байна. "Хариуцлагагүйн ЗУД" нүүрлэсэн Монголдоо буцаж ирээд өөрчлөөд өгөх цаг ирсэн шүү залуусаа...
2012-04-10 16:04:23
Солонгосчууд ч бас гадаадад ажиллаж байжээ... | ||
Үзсэн: 2414 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.