Шууд Chart

Өлсгөлөн зарласан иргэдийг албадан эмчилгээнд хамруулжээ

2015-03-27 11:56:29

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Хэлмэгсдийн хөшөөний урд “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын өнгөрөгч хоёрдугаар сарын 09-11-ний өдрүүдэд өлсгөлөн зарлаж, өлсөглөнг нийслэлийн Засаг даргын тушаалаар албадан тараасан билээ. Энэ талаарх мэдээллийг НИТХ-ын өнөөдрийн хуралдаан дээр танилцууллаа.

Монголын Үндэсний музейн захиргаанаас өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдрийн 74 тоот албан бичгээр “Манай байгууллаг руу ордог төв гарц, машин зогсоолыг хааж байгаа нь аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа тул чөлөөлж өгөх” хүсэлтийг ирүүлсэн байна.

2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвөөс томилогдсон өлсгөлөн зарласан иргэдэд үзлэг хийх багаас дээрх иргэдийн эрүүл мэндийн байдал доройтож, цаашид амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл үүссэн, эрт сэрэмжлүүлгийн үнэлэмжээр биеийн байдал 4 ба түүнээс дээш онооны тевшинд очсон тул өлсгөлөнг зогсоож, албадан эмчилгээнд оруулах тухай 57 тоот дүгнэлтийг тус дүүргийн Засаг дарга, цагдаагийн хэлтэст ирүүлжээ. Үүний дагуу дээрх дүгнэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Арга хэмжээ авах тухай” 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/87 дугаар захирамж гаргасан байна. Захирамжийн хэрэгжилтийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хангаж ажиллажээ.

Ингэхдээ эмнэлгийн дүгнэлт, сайн дураараа өлсгөлөнг зогсоох тухай мэдэгдлийг өлсгөлөн зарласан иргэдэд танилцуулж, зөвшилцсөний дүнд 02 дугаар сарын 24-ний өдрийн 00:28 цагт Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд албадан эмчилгээнд орсон байна. Захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллахдаа өлсгөлөн зарласан, эсэргүүцэл илэрхийлж буй иргэдтэй харилцан зөвшилцсөн гэдгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар мэдээллээ.

Нийслэлийн Засаг дарга “Бид хуулийн дагуу тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж,эрхээ эдэлж буй иргэдийнхээ эсрэг хэзээ ч ажиллаж болохгүй. Тиймээс дээрх асуудалтай холбоотойгоор шинийн 1-ний өдөр Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, холбогдох албаныхантай уулзаж нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Мөн тэдэнд цагдаагийн байгууллага үйлчлэх үүрэгтэй гэдгийг сануулсан. Ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд иргэд нийслэлд жагаал, цуглаан зохион байгуулах эрхээ эдлэхэд нээлттэй болгосон. Тариаланчдын жагсаал гэхэд л манай цагдаагийн албан хаагчид кран, машиныг оруулж дэмжлэг үзүүлж байх жишээтэй. Нэг үгээр хуулийн дагуу, хүчирхийлэлгүй, тайван замаар зохион байгуулж буй жагсаалыг тараадаг биш, дэмжиж байгаа” гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна гэлээ.
 


Өлсгөлөн зарласан иргэдийг албадан эмчилгээнд хамруулжээ  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй