Шууд Chart

“Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлэг боллоо

2015-04-07 09:13:41

НҮБ-ын  Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн хороо, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны нийгэмлэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хэлэлцүүлгийг ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент” Хот байгуулалтын Nexus төслийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, агентлаг, хувийн хэвшлийн төлөөлөл, холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдлийг хэрхэн хэрэгжүүлэх, тулгамдсан асуудал, хуримтлуулсан туршлага, сургамж санхүүжүүлэх боломжийн  талаар ярилцсан юм. Хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нээж хэлсэн үгэндээ “Инженер хангамжийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс энэхүү семинарыг зохион байгуулж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт эхэлсэн өнөө үед төвлөрсөн хангамжид холбогдох боломжгүй газруудад төвлөрсөн бус цэвэр бохир усны системийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Энэхүү боломжийг төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх цаг болсон” гэдгийг онцлон хэллээ.

Түүнчлэн хэлэлцүүлэгт оролцогчид Бохир усны шинэлэг шийдэл, давуу тал, Улаанбаатар хотын гэр хорооллын цэвэр бохир усны цогц шийдэл тулгамдсан асуудал, Бага оврын цэвэрлэх байгууламж тэдгээрийн ашиглалтын асуудал гэх зэрэг сэдвээр илтгэл тавив. Илтгэлд дэлхий нийт цэвэр усны хомсдолд орж буй нөхцөлд төвлөрсөн бус цэвэр бохир усны системийг ашиглах хэрэгтэйг дурдлаа. Улаанбаатар хотод хотжих үйл явц сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдах болж, Манай улсын нийт хүн амын 50 хувь нийслэлд амьдарч байна. Үүний 40 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдсон орон сууцанд амьдарч байгаа бол 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжид холбогдоогүй гэр хороололд  ойролцоогоор 180 мянган өрх айл, 720 мянган хүн ам ил задгай ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа юм.

 

“Төвлөрсөн бус цэвэр бохир усны цогц шийдэл” хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй