Шууд Chart

Хэвтээ, суугаа голдуу бор монголын өчил

2015-04-09 14:01:07

Би эх орноороо болон энэ дэлхийгээрээ аялаж явдаг эгэл нэгэн Монгол иргэн билээ. Хөдөө төрж, хотод өссөн нам бус, лам бус энгийн нэгэн. 

Өдрийн ихэнхийг суугаа байрлалд заримыг нь босоо байрлалд өнгөрүүлдэг боловч шөнийн туршид хэвтээ байрлалд оршдог тул лав тэр БОСОО хэмээх мундаг Монголчуудын тоонд орохгүй юм шиг байгаа юм. Зөвхөн байрлалын хувьд биш үзэл бодлын хувьд ч энэ нөхөдтэй зэрэгцээ хоёр шулуун шиг хэзээ ч огтлолцохооргүй хүн юм даа. Уучлаарай.

Эх орноо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтад улам хурдан оруулахын тулд ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг сайн иргэн болгох үйлсэд цаг заваа харамгүй зориулдаг өөдрөг сэтгэлтэй сайн дурын ажилтан надад сүүлийн үед болсон зарим нэг үйл явдлууд үнэхээр гутамшигтай санагдаж байна.

Би даяарчлалын энэ зуунд үндэсний үнэт зүйлс, эх хэл соёлоороо онцгойрч тэднийгээ хамгаалахыг дэмждэг ч ҮНДСЭРХЭГ байхыг үнэхээр эсэргүүцдэг нэгэн.

Дэлхийн бүх улс орнууд өөр өөрийн дүр төрхтэй, түүнийгээ бусдад илүү эерэг болгохын төлөө тэмүүлж, тэмцсээр ирсэн байдаг. Германчууд НАЦИСТ байснаа, Америкчууд арьс өнгөөр ялгаварладаг байснаа, Афганчууд Душмантай байснаа, Камбожууд Полл Поттой байснаа дэлхийн түүхээс мартуулах гэж хичээж байхад бид ингэж болохгүй.

Эргээд бидэнд ямар хортойг гуравхан жишээн дээр өгүүлэхийг хичээе!
Уул уурхайгаа ухахгүйгээр мөнгө босгох томоохон аргын нэг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ:
Босож тэнцэх гэж хичээж байгаа нялх хүүхэд шиг энэ салбарыг зүгээр л алгадаад унагачих шиг болов.
Аялал жуулчлалын дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн байхгүй, үйчилгээний соёл болон үнэлэгдэхүйц бааз суурь байхгүй ч унаган төрхөөрөө байгаа байгаль, өөр хаана ч үгүй нүүдэлчин соёлыг үзэх үү? яахав? хэмээн эргэлзэж байгаа жуулчид энэ дуулианаас болоод "Ээ болих минь, уул усанд нь очихоор урдаа сөгдүүлж айлгадаг гэнэ шүү" хэмээн зүг буруулахаар болчихлоо.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:
Томоохон дэвшил гаргахад сайн санаанаас гадна санхүүгийн бяд заавал хэрэгтэй болно. Тэр үед хэн нэгэнд найр тавьж байгаад санхүүгийн дэмжлэг зээл авч түүнийгээ үр дүнтэй зарцуулан босох хэрэгтэй болдог.
Жишээлбэл би нэг найздаа мөнгө зээлүүллээ гэхэд тэр хүнтэй ихээ найрсаг харилцаатай болж байгаа юм. Тэгээд боломжтой үедээ тэдний зусланд очиж мах шарж идэнгээ шар айраг шимэх эрхтэй болдог.
Ийм сайхан зүйлийн төлөө найздаа хүүгүй ч мөнгө зээлүүлсэн яахав дээ.
Гэтэл харин мань Анжигай өмнө нь мөнгө зээлүүлсэн найзыгаа очиход өвс зүлгэн дээгүүр хамаагүй гүйсэн, өвөг дээдсийн бунханд дүрэмгүй ойртсон гээд алгадсан гэж дуулдав.
За даа болих уу даа. Чиний ямар асуудалтай байх надад ямар хамаа байхав.

ГЭРТЭЭ СУУДАГГҮЙ МОНГОЛ:
Бид явсан нохой яс зуудаг гэж ярьдаг даа. Тиймээс ч аялах, сурах, ажиллах зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт "яс" хайгаад явдаг. Тэгэхдээ ямар хүн бүр хажуудаа нэг БОСОО дагуулж явалтай биш.
Юу тарьсан бэ? түүнийгээ л хурааж авдаг жамтай болохоор дэлхий даяар биднийг ширэв татан харж, шивэр авир ярилцан дөлөх болох нь.

Өнийн сайхан зочломтгой, найрсаг Монгол өнөө цагт өөр өнцгөөс харагдаж эхлэв.
За ийм л байна даа залуучууд минь.

Бид алдаагаа хүнээс биш өөрсдөөсөө хайдаг болмоор байна.
Ёс мэдэхгүй зорчсон нэгнийг биш ёсоо ойлгуулж чадаагүй өөрсдийгөө буруутгаж сурмаар байна.
Үндсэрхэг үзлээр биш үндэсний үнэт зүйлсээрээ эх орноо хамгаалмаар байна.
Хүчирхийллээр айлгана гэж бодох биш хүмүүнлэгээр аархана гэж сэтгэмээр байна.

Ер нь л хийх үйлдэл бүрээ сайтар тунгааж байж хөдлөхгүй бол агуу том дэлхий дээр өмнөх их түүхээ мянгантаа өмнөө барьсан ч өнөөдрийн Монгол Улс жижиг, эмзэг гэдгийг хэн ч, хэзээ ч ойлгуулж чадах байх хэмээн эмээж байна.

Хүчирхийллээс хүчирхийлэл л төрдөг гэдэг дээ.

Хүндэтгэсэн: бүх байрлалд оршигч БОР МОНГОЛ

Нийтэлсэн: Анжигай

Хэвтээ, суугаа голдуу бор монголын өчил  
Үзсэн: 3017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-04-09 22:06
загтнассан газар мааажих

Бидэнтэй нэгдээрэй