
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод тулгамдаж буй салбаруудад хамтран ажиллах, төсөл арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар санал солилцов.
Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэр “Биднийг хүлээн авч уулзаж байгаад таатай байна. Канад Улс нь дэлхийн 25 улстай хамтран ажилладаг. Үүний нэг нь Монгол Улс юм. Канад Улсын талаас Монгол Улстай цаашид зөвхөн уул уурхайн салбарт бус өөр олон салбарт хамтран ажиллах боломжтой. Миний хувьд орон нутгийг хөгжүүлэх санг хариуцдаг. Энэ сан нь тухайн бүс нутгийн өмнө тулгамдаж буй асуудал дээр жижиг төслүүдийг санхүүжүүлж ажилладаг. Уг сангийнхаа хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай жижиг болон дунд хэмжээний төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байна. Ямар ч асуудлаар бидэнтэй холбоо барихад бид нээлттэй байх болно” гэв.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын ногоон байгууламж, хот төлөвлөлтийн ажил дээр Канад Улсаас туслалцаа авах саналтай байна. Та бүхэнтэй хамтран ажиллаж суралцах зүйл олон бий. Цаашид танай тухайн орон нутгийг хөгжүүлэх сангийн хүрээнд хэрэгжүүлж болохоор тодорхой хэмжээний төслүүдийг санал болгож, та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга Канад Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа | ||
Үзсэн: 747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.