
(Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан "Хэлэх эрхээ хамгаалая" сэдэвт уралдаанд сойсон бүтээл)
Бага байхдаа тэнгэрийн дуунаас их айдаг хүүхэд байлаа. Яагаад ч юм нэг л их том хүч надаас үл хамааран намайг айлгаад байдаг байсан юм. Тэр үед өвөө минь надад нэг арга зааж өгч байлаа. Тэр нь тэнгэр дуугарахтай зэрэгцэн миний хүү чанга орилж бай гэж зааж өгсөн юм. Зүгээр ч нэг орилохгүй бас тодорхой үгнүүдийг хашгирдагийг өөрөө үзүүлж хэзээч мартахааргүй ой тойнд минь суулгаж өгч. Тэгээд л аянга цахилгаан гялбаж, тэнгэр тас няс хийн пижигнэсэн аадар борооны үеэр байдаг чадлаараа “Ээ тэнгэрийн охин минээ, би газрын ханхүү байнаа” хэмээн орилж гардаг байлаа. Тэр нь ч айдсыг минь бага боловч арилган өөрийгөө нээрээ л баатар болж, тэнгэрийн охинд таалагдан амь мэнд үлдэхэд нөлөөлсөн байх хэмээн урамшдаг байж дээ.
Гэтэл одоо цаг дор бас л ямар нэг байдлаар хашгирах шаардлага гарч байна. Гэхдээ энэ удаад миний айдас нь бас л дээрээс гаралтай байгаа нь сонирхолтой. Нэг үгээр бол “дээдчүүлээс” л их айх юм даа. Учир нь тэд чинь миний, чиний, бидний бүүр томоор ярьвал эх орны минь хэрхэн амьдрах “арга зүй”-г боловсруулж байгаа юм. Мөн л надаас үл хамааран зөвхөн “тэнгэрийн нөхдийн” санаагаар миний орших, эс орших шийдэгдэнэ гэсэн үг.
Тиймээс бид тэдэнд хандан “орилж” л байх хэрэгтэй болчихоод байгаа юм.
Одоо манай оронд ирчихээд байгаа Нобелийн шагналт Ан Сан Су Чи “Ардчиллын хамгийн том дайсан бол Айдас” гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Түүний хэлснийг өөрийнхөө ойлгосноор тайлбарлавал “Иргэдийнхээ шударга дуу хоолойноос айх төрийн айдас, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ боймлуулах ард түмний айдас” хоёр мөргөлдөх аваас ташуур, бороохой, буу, шийдэм болж ардчилал бус хүчирхийлэл нүүрлэх аюултай гэсэн байгаа юм. Энэ ямар үнэн үг вэ? Ийм учраас л би нийтлэлээ “Айдас”-тайгаа холбон эхлүүлсэн юм.
Монгол бол ардчилсан улс. Би ардчилсан улсад амьдарч өөрийн үзэл бодлоо блог болон бусад цахим ертөнцийн боломжуудыг ашиглан илэрхийлж чадаж байгаадаа ихэд баяртай явдаг энгийн нэгэн иргэн. Цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгон өмнө нь уулзах нь байтугай нэрийг нь ч үл мэдэх олон “найз” нартайгаа үзэл бодлоо хуваалцаж заримаас нь магтаал, заримаас нь шүүмж сонсон тухай бүрд нь алдаа, оноогоо цэгнэж ахиад илүү ихийг бичих хүсэлд автан суух нь надад бас нэгэн “эрх чөлөө” болж байдаг юм.
Мөн бусад найз нараа ч гэсэн Блогтой болж өөрийн мэддэг зүйлсээ бусадтай хуваалцаж нийгмийнхээ сайн сайхан, саар муухай талаар олон түмэнд хүргэн “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүйн” гайхамшигийг мэдрээч хэмээн уруу татаж хэд хэдэн нөхдийг цахим ертөнцрүү эргэлтгүй татан оруулсан “гавъяатан” билээ.
Гэтэл сүүлийн үед манай ачит төр засгаас цахим ертөнцийн “эрх чөлөө”-нд халдах, хязгаарлах, хазаарлах, чөдөрлөх гэсэн санаарахлууд нэг бус удаа харагдах боллоо. Энэ нь мэдээж цахим ертөнцөд “амьдарч” байгаа нөхдүүд анхаарлын төвд орж, тухайн зах зээл нь нийгмийн олонхид нөлөөлөхүйц хэмжээнд хүрч байгаагийн илэрхийлэл юм.
Мэдээж манай ертөнцөд дан сайн хүмүүс “амьдарч” байдаг юм биш л дээ. Захиалгатай нийтлэл бичигчид, захиалгатай сэтгэгдэл бичигчид, захиалгатай хүн гутаан доромжлогчид тэр бүү хэл элдэв хараал бөөгнүүлэн бичиж байж сэтгэл ханамж эдэлдэг юм болов уу? гэж бодохоор “гаж донтон”-гууд ч оршиж байгааг нуух аргагүй юм.
Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ... гэдэг шиг энэ мэт “эргүүтлүүд” нь эрхэм дээдсүүдэд “далим” болж “барын бамбарыг бага дээр нь” дарах эвтэйхээн шалтгааныг бий болгосон шиг харагдаад байгаа юм.
Сайтуудаар дүүрэн хараалын муу үгс, хаа хамаагүй гүтгэлэг, хянагдаагүй худал мэдээллүүд байгаа учир үүнийг цэгцлэн ирээдүй хойч үе, энгийн ард түмнээ аврах нь яалт ч байхгүй төр засгийн минь ариун үүрэг. Зөв зөв.
Харин үүнтэй хамт сэтгэгдлээр дамжуулан тухайн асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх, баримт мэдээ дэлгэх, шинэ гарц шийдлүүд санал болгох эрхээ эдлэх гэсэн бусад хэрэглэгчдийн “хэлэх эрх чөлөө”-г бүү боймлоосой хэмээн хүсч байна. Төр түмэн нүдтэй ч төрийн дээдсүүд маань бидэнтэй л адил усан нүдтэй, цусан зүрхтэй хүн тул алдаж эндэх, аливаа зүйлд дутуу сэтгэх зүйл гарч л таараа. Энэ үед нь харин энгийн ард бидний зүгээс алдсанг нь сануулж, амжилтыг нь мандуулах, алс хэтдээ хийж болох зүйлсд нь санаа бодлоо илэрхийлэх боломж нээлттэй байгаасай гэж хүснэ. Энэ эрх чөлөөгөө хамгийн бодитойгоор эдэлж чадах орчин минь “цахим ертөнц” тул интернэтийн орчинтой холбоотой гаргах ямарваа нэг шийдвэрүүдээ сайн бодож, судлаж, салбарынхантай нь хэлэлцэж байж гаргаж байхыг төр засгийн удирдлагууд та бүхнээс хүсч байна.
Учир нь надад сонинд талбай, ТВ-д цаг, радиод суваг авах мөнгө үгүй тул би “цахим орчинд” л өөрийн дуу хоолойг олон түмэнд бараг мөнгө төлөлгүйгээр хүргэж, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцаж чаддагийг энэ дашрамд хэлж байгаадаа ихээхэн баяртай байна.
Эцэст нь манай ертөнцийг хогийн тантан мэт болгон харагдуулж энд тэндэхийн улс төр, бизнесийн бүлэглэлийн халааснаас хашгирч байгаа хэсэг нөхдүүдэд: та бүхэн ёс зүйтэй байж захиалгатай бичлэгүүддээ “захиалгатай” гэсэн хаяг, шошго нааж байвал ямар вэ?
Мөн тархи нь “жорлон” болсон мэт байнга хараалын мууг бөөгнүүлэн сараачиж, харсан болгоноо гутаан доромжилж байдаг “гаж донтон” нөхдөд: та бичиг үсэг тайлагдаж, интернэт хүртэл хэрэглэж чадахуйц хэмжээнд боловсорсон иргэний хувьд уур бухимдлаа ууланд очиж хашгирах замаар тайлж байхыг зөвлөе.
Энэ бүгдийг нэгтгэн интернэт ертөнц дэх үндэсний соёлын хэм хэмжээг бий болгох ёстой салбарын хүрээнд байгуулагдсан ТББ-уудад: эхлэн соёолж байгаа энэхүү “гайхамшигт ертөнц”-ийг анхнаас нь ариун байлгаж асуудлаа дотооддоо шийдэх, аливаа буруу бүхнээ шүүн цэвэрлэх, бүх нийтээр дагаж мөрдөх эерэг хэм хэмжээнүүдийг бий болгох талаар дорвитой алхамууд хийхийг хүсч байна. Үүгээр л бидний үгээ хэлэх эрх чөлөө жинхэнэ утгаар хангагдах тул энэхүү нийтлэлийг туурвив.
Айдас хүйдэсгүй амар тайван байх болтугай!
Тиймээ би “тэнгэр” дуугарвал “орилж” баймаар байна.
Нийтлэгч: Анжигай.Г 2013.04.29 Улаанбаатар хот
“Тэнгэр” дуугарвал “орилж” л таарна | ||
Үзсэн: 3777 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.