Шууд Chart

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа нар цахим ярилцлага хийлээ

2015-06-04 17:35:31

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн зохион байгуулдаг энэ удаагийн цахим-ярилцлагад Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа болон аймгийн удирдлагууд   оролцов.

Хөтөлбөрийн дагуу цахим ярилцлагыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нээж, өнөөдрийн “Цахим ярилцлага”-д оролцож буй Улсын Их Хурлын гишүүдийг танилцуулсны дараа “Орон нутгийн санхүүжилтийн өнөөгийн байдал, цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат товч мэдээлэл хийв.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ, “Өнөөдөр Дархан-уул аймагт явагдаж буй Төрийн үйл ажиллагаа бүхий л шатандаа хэвийн явагдаж байгаа. Нэн тэргүүнд цаг үеийн шинжтэй асуудал болох хаврын тариалалт болон мал төллөлтийн ажлуудыг орон нутгийнхаа хэмжээнд хийсэн бөгөөд хамгийн сүүлд Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон Аймгийн ИТХ-ын 2007 оны тогтоолын дагуу орон нутгийн тахилгат хайрхан болох Дархан хайрханаа тахих ажлуудыг амжилттай зохион байгууллаа.

Орон нутгийн санхүүжилтийн хувьд бид он гарснаас хойш Сангийн яам болон Улсын Их Хурлын гишүүдтэйгээ хамтран ажиллаж тодорхой мэдээ, мэдээллээр хангагдснаар орон нутгийн санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай болоод дараагийн санхүүжилтүүдийн хоорондын балансыг барьж ажиллаж байна. Нэг анхаарал татаж буй асуудал бол орон нутгийн төсвийн орлого өнөөдрийн байдлаар 600-700 сая орчим төгрөгөөр тасарч байна. Энэ нь макро түвшинд авч үзвэл эдийн засгийн хямрал орон нутагт нүүрлэж байгааг харуулж байна.  2015 он гарснаас хойш Дархан-Уул аймаг өмнөх оны санхүүжилт болох 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч чадаагүй бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 29-нд 480 орчим сая төгрөгийн санхүүжилт орж ирсэн мөнгөөр бид 2014 оны орон нутгийн хөгжлийн сангийн тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдэд тэгш хувиарлах зарчмаар олгож байгаа. Цаана нь 700 гаруй сая төгрөгийн өр авлага үлдсэн байгаа, энэ талаар бид Сангийн яаманд удаа дараа мэдэгдсэн болно. Энэхүү доголдлоос болж 2015 оны орон нутгийн хөгжлийн санд нэгдэх аж ахуйн нэгжүүд тендерт оролцож чадахгүй байгаа гол шалтгаан нь тус сан нь татвар бөгөөд нийгмийн даатгалд өр, авлагатай гэсэн нөхцөл байдал үүссэн учир энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх зайлшгүй шаардлагатай байна” гэв.

Мэдээллийн дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа саналаа хэлэхдээ, “Юуны өмнө орон нутагт зарцуулах санхүүжилтээ ийм ийм төсөлд зарцуулна, ийм ийм ажлыг хийх боломжгүй гэсэн тодорхой үндсэн чигээ өгөх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Хоёрдугаарт, бид бүхэл улсынхаа хэмжээнд хэмнэлтийн горимд ажиллах хэрэгтэй байна. Гуравт, ажлаа төлөвлөж хийх асуудлыг хэрэгжүүлэхгүй байна, улс төрийн хийрхэлээр ажлаа хийж байгаа хүмүүс ажил сатааруулж байна. Үүнд анхаараарай. Эцэст нь хэлэхэд, сахилга хариуцлагад анхаарах хэрэгтэй байна. Ингээд та бүхэн ажлынхаа үр дүн болон залруулж зассан ажлаа олон нийтэд мэдээлж энэ мэдээллээ ил тод болгосноор сахилга хариуцлага төрийн албаны бүх шатанд хариуцлагын тогтолцоог сайжруулах хэрэгтэй” гэв”

 Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, Парламентын өнгөрсөн 3 жил гаруй хугацаанд хийсэн ажлаа дүгнэх цаг боллоо гэж онцлов. Мөн  өнгөрсөн хугацаанд Дархан-уул аймгаас сонгогдсон гишүүд болох Д.Хаянхярваа болон миний бие, аймгийн удирдлагын хамт олонтой ойр ажиллаж ямар нэгэн талцсан, намчирхсан зүйл гараагүй гэдэгт итгэлтэй байна. Дараагийн асуудал бол өнгөрсөн жил Улаанбаатар-Дарханы зам ашиглалтад орхооргүй байхад Д.Хаянхярваа гишүүн бид хоёр санхүүжилтийг нь 10 дугаар сард шийдвэрлүүлж чадсан. Ингээд цаашид гүйцэтгэх гэж байгаа зам барилгын ажил хэзээ дуусахаар байна, юун дээр гацаад байгаа тал дээр хариулт авмаар байна. Гуравдугаарт, аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс өнгөрсөн хугацаанд сайн ажилласан, харин ирэх 7 дугаар сараас эхлэн санхүүжилтээ шийдвэрлэх ажилдаа орох боллоо. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна. Мөн ирэх 8 дугаар сарын 05-наас эхэлж Солонгос, Орос болон манай 3 дугаар эмнэлэгийн эмч нар аймаг, сумдаар үзлэг хийнэ. Иймд, бэлтгэл ажлаа сайн хангах хэрэгтэй гэв. Гишүүд аймгийн удирдлагуудаас хариулт авснаар, цахим ярилцлага өндөрлөв


УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Д.Хаянхярваа нар цахим ярилцлага хийлээ  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй