Шууд Chart

УИХ-ын дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2015-06-06 06:23:00

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн төлөөлөгчдийг /2015.06.05/ Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байна гээд “Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар аялан, монгол ардын амьдрал ахуй, соёл болон Азийн хөгжлийн банкны дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцсанд таатай байна” гэв. Мөн тэрээр “Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 1.6 тэрбум орчим ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд 1.2 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр нийт 56 төсөл, 218.4 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийт 24 төсөл, 110.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийт 184 техник туслалцааны төслийг тус тус хэрэгжүүлээд байна. Ийнхүү Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулсан бодит үр дүн бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж ирснийг бид өндрөөр үнэлдэг" гэв.

Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирал ноён Роберт Ор УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, тус банкны захирлуудын зөвлөлийн 8 гишүүн Монгол Улсад ажиллаж байгаа нь онцгой тохиолдол болж байгааг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр 4 өдөр говийн аймгуудад ажиллан, нутгийн иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай биечлэн танилцах завшаан тохиосонд баяртай байна гээд “Өргөн уудам нутаг дэвсгэртэй танай орны хувьд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж санагдлаа. Мөн ундны усны хангамжийн талаар ч онцгойлон анхаарах хэрэгтэй юм байна” гэв.

Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөлийн төлөөлөгчид Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн болон татварын зохицуулалтын талаар тодруулж, Монгол Улсын онцлогт тохирсон хөгжлийн гарц, боломжийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын даргын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Лхагвасүрэн, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон албаны бусад хүмүүс байлцлаа


УИХ-ын дарга Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 605 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй