
Хүний нүд олон хэсгээс бүрддэг. Гадна талаасаа ил харагдах хэсгийн нэг нь солонголог бүрхүүл юм. Бид нүд өвдлөө гэвэл ихэнхдээ солонголог бүрхүүл болон түүний судас, сормослог бие үрэвссэн байдаг юм. Энэ үрэвслийг эмнэлэгт иридоциклит хэмээн нэрлэдэг. Уг үрэвсэл үүсэх олон шалтгаан бий. Тухайлбал, халдварт ханиад томууны үед нүд үрэвсэн улайх бөгөөд зөвхөн нүдний солонголог бүрхүүлийг барьж тусдаг өвөрмөц ханиад ч гарсан. Түүнээс гадна сүрьеэ өвчний эхлэлийн үед болон хүндэрсэн тохиолдолд нүд үрэвсэх нь цөөнгүй. Мөн ревматизм /зүрхний өвчин үе мөчинд шилжин хүндрэх хэлбэр/ өвчний үед нүдний эвэрлэг болон солонголог давхарга үрэвсдэг нь бүтцийн хувьд үе мөчний холбоостой адил байдаг болоод тэр. Ер нь нүүр хэсэгт ямар нэг нян вирусээр үүсгэгддэг эмгэг байгаа тохиолдолд нүд улайж үрэвсэх магадлал өндөр байдаг юм. Жишээ нь, хоолойн ангина, шүдний хорхой, уруул ам орчим гарсан хумхаа /герпес/, хамрын хөндийн үрэвсэл /гамрит/ зэрэг нь иридоциклит үүсэх шалтгаан болно. Нүдний солонголог бүрхүүлийн цаана сормослог бие зэрэгцэн байх учир үрэвсэл ихэнхдээ хоёуланг хамарсан байх нь цөөнгүй.
Хөнгөн хэлбэрээр халдварласан бол зөвхөн гадна бүрхүүлийг үрэвсүүлж, улайх, нуух гоожих байдлаар илэрдэг бөгөөд зориулалтын уусмалаар угаах, үрэвслийн эсрэг эм дусаах, үндсэн өвчнийг нь илааршуулах чиглэлийн эмчилгээ хийвэл амархан эдгэрнэ. Харин эмчилгээ хийлгүй явбаас үрэвсэл сормослог биед халдварлах ба дээр дурдсан шинжүүдээс гадна нүд орчмоор хөндүүрлэж, хатгуулж өвдөнө. Нулимс гоожно. Бага зэрэг халуурах нь ч бий. Улмаар хүүхэн харааны хөдөлгөөн хязгаарлагдах тул хурц гэрэлд гялбах ба нүд бүрэлзэн хараа муудах шинж мэдрэгдэнэ. Нүдний өмнө нимгэн хөшиг татсан мэт санагддаг. Өвчин хурц байдлаар илрэхээс гадна үндсэн өвчний оргил үед хоёрдогч хүндрэл хэлбэрээр өвчлөхийг хурцавтар гэж үздэг. Түүнээс гадна сүрьеэ, ревматизм зэрэг удаан архаг явцтай өвчний үед хожуу илрэхийг архаг иридоциклит хэмээн үздэг юм. Иридоциклитийг цаг алдалгүй эмчлүүлэхгүй удваас үрэвсэл улам даамжирч, нүдний даралт ихдэх өвчин болох ба үрэвслийн улмаас хүүхэн хараа тэлэгдсэн, эсвэл нарийссан байдлаараа наалдаж, улмаар нүдний алим ширгэх, эрүүл нүдэндээ нөлөөлөх зэргээр ноцтой хүндрэл учруулах эрсдэлтэй. Ер нь хүний нүд гэдэг хамгийн чухал эрхтэн учир өвчилсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж чиглэсэн эмчилгээг сонгох нь зүйтэй. Эмийн сангуудад нүдний элдэв төрлийн дусаалга худалдаалагдах болсон нь сайнаасаа илүү хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтайг санаж явахад илүүдэхгүй. Дусаалгууд нь нүдний аль нэг өвчнийг анагаахад чиглэсэн байх тул өвдөх болгонд авч хэрэглэх нь бусад хэсэгт сөрөг нөлөөлдөг. Жишээ нь, Солонгос, Японы гэх нэрийн дор үйлдвэрлэгдсэн янз бүрийн өнгөтэй дусаалгуудын ихэнх нь зөвхөн нүдний өргөсөж улайсан судсыг нарийсгах, өөрөөр хэлбэл, үрэвслийн эсрэг биш гоо сайхны зориулалттай байдаг. Энэ дусаалгыг хийсний дараа нүдний солонгон бүрхүүл цагаан болдог нь түр зуурын үйлчилгээтэй гэсэн үг. Энэ дусаалгыг олон дахин дусаах нь судас нарийсаж, цаашдаа тэжээлийн дутагдалд оруулах гэмтэй. Иридоциклит халдвараас гадна гэмтлийн улмаас үрэвсэж улайх нь цөөнгүй. Үрэвслийг зориулалтын эм дусаалгын тусламжаар илааршуулах хэрэгтэй. Эмчлэхгүй, эсвэл буруу эмчилснээс болж нүдний болор цайх эрсдэлтэй байдаг. Ийм хэмжээнд хүрсэн үед болор солих мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болно. Гэхдээ солонголог бүрхүүл болон сормослог биеийн үрэвслийг бүрэн эмчилсний дараа болор солих мэс засал хийвэл үр дүн нь сайн гэж үздэг.
“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос
Иридоциклит буюу нүдний үрэвсэл | ||
Үзсэн: 5760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.