Шууд Chart

Могой ба могойд хатгуулах

2015-06-18 11:19:27

Могойг мэдэхгүй хүн байхгүй ч хортой, хоргүйг нь ялгаж танихгүй нь түлхүү талдаа. Могой болгон амнаасаа хортой шүүс ялгаруулдаг боловч хортой могойнх хүний эрүүл мэнд амь насанд аюултай хоруу чанартай байдаг. Ер нь ямар ч төрлийн могой цочоосон нөхцөлд л хороо ялгаруулж хазах, эсвэл чангаар боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс могойтой санамсаргүй тааралдсан, биеийн аль нэг хэсгээр гулсан явж байлаа гэж бодоход бүх хүчээ дайчлан биеэ хурааж, огт хөдлөхгүй байснаар аюулыг гэтэлнэ. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог. Рашаан устай газарт могой элбэг байдаг. Гэхдээ эдгээр могой бараг бүгд хоргүй төрөлд хамаарна. Хортой могой тод хар өнгөтэй эрээн алаг нь илүү тод байдаг бол хоргүй могой бүдэг саарал өнгөөрөө ялгарна. Могойн хэл болон түүний үзүүрээс ялгарах хор нь дайснаас биеэ хамгаалах, бас идэш тэжээлээ хордуулан муужруулаад залгих гол үүрэгтэй. Могойд хатгуулсан даруйд ямар нэг зовиур шинж анзаарагддаггүй. Үзүүртэй өвс, өргөс яльгүй хатгах шиг л мэдрэгддэг. Тун удалгүй нөгөө хатгасан газар хорсох мэт өвдөж, хавдан, эхлээд цайж байснаа аажмаар хөхөрдөг. Хатгуулсан талд хамгийн ойр байх булчирхай цочих ба сайн харвал хатгуулсан газраас булчирхай хүртэл нарийхан хөхөлбөр судал гарсан байдаг. Тэр даруйд нь арга хэмжээ авахгүй бол дотор муухайран огиудас хүрч бөөлжих ба улмаар хэл ээдрэн, ухаан самуурч, таталт өгдөг. Шинж тэмдэг хатгасан могойн том, жижиг болон биед нэвтэрсэн хорны хэмжээнээс хамааран хурц, аажим янз бүрээр илэрч болох ч голдуу хүнд байдлаар тусдаг. Анхны тусламжаа зөв үзүүлэх нь цаашдын эрсдлээс хамгаалж чадна. Хатгасан дор сорох юм уу, өвчин намдаах эм уух, бүлээн жин тавих зэргийг хориглодог. Хорыг улам тараах, амаараа хор сорж авах эрсдэлтэй учраас тэр.

Могойд хатгуулсныг мэдсэн даруйд гарын доорх материалаар хазуулсан газрын дээд талаар чангалуур тавих нь хамгийн чухал. Чангалуурыг резинээр тавих нь илүү сайн. Тэгээд яг хатгуулсан нүх харагдаж буй газарт бага зэрэг зүсэлт хийж цусыг гоожуулах хэрэгтэй. Сорж хэрхэвч болохгүй. Харин зориулалтын бумба, эсвэл бумбаны оронд ашиглаж болохоор жижиг аяга, хундага зэргийг тавиад хөхүүлж болно. Ингэхийн тулд савныхаа амыг доош харуулан дороос нь гал асаан хийгүй болгоод зүссэн хэсэг дээрээ маш хурдан наадаг. Яг нуруунд бумба тавьдаг шиг. Сүүлийн үед зориулалтын ардаа татаж хийг соруулдаг бүлүүртэй бумба элбэг болсон. Түүнийг ашиглавал илүү үр дүнтэй. Ийнхүү сайн соруулсны дараа бумбаа авч шархыг спирт, марганц, ариутгалын бусад бодисоор сайн цэвэрлээд боолт хийж, тухайн хэсгийг аль болох хөдөлгөөнгүй байхаар чиг тавьж өгвөл сайн. Тэгээд боломжтой бол эмнэлэгт хүргэх нь зөв. Өвдөлт их байвал анальгин, диклоденк зэрэг өвчин намдаах төрлийн эм өгч болно. Эмч үзээд шаардлагатай гэж үзвэл алдсан цусыг нөхөх болон хорыг саармагжуулах шингэн сэлбэх эсэхийг шийднэ. Ер нь могой голдуу нэг л удаа хатгадаг. Харин могойн чуулган ч юм уу, хоёр, гурван могой нэг дор байхад нь цочоосон бол хоёр түүнээс дээш хатгуулж болохыг үгүйсгэхгүй. Ингэсэн тохиолдолд маш шуурхай эрчимтэй  арга хэмжээ авахгүй бол амь насанд учрах эрсдэл дэндүү өндөр байдаг. Найдвартай арга бол могойтой газар явахдаа хянуур болгоомжтой байхын дээр түрийтэй гутал, урт өмд өмсөх, гишгэх газраа сайтар харах, нүцгэн гараараа өвс, цэцэг зулгаах, тасдахаас аль болох зайлсхийх нь зүйтэй. Могойн хорны найрлагад байх зарим бодисыг эмчилгээний зорилгоор ашиглах ба голдуу зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, мэдрэлийн гаралтай өвдөлтийг намжаах зэрэгт хэрэглэдэг. Могойн хорны найрлагатай тоснууд ч бий. Гэхдээ эдгээр хорыг маш бага тунгаар, бусад бодистой нийлэгжүүлсэн байдлаар ашигладаг.    

“Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос 
 


Могой ба могойд хатгуулах   
Үзсэн: 4688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй