
УИХ-ын дарга З.Энхболдын орон нутгийн томилолт үргэлжилж байна. Тэрээр өнөөдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд ажиллан, орон нутгийн өмчит “Эрүүл ус” үйлдвэртэй танилцлаа. “Эрүүл ус” орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь Алтай хотыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилгоор 2014 онд аймгийн ИТХ-ын 38-р дугаар тогтоолоор үүсэн байгуулагджээ.
Цэвэр усны нөөц бүхий таамагтай газруудад хайгуул хийж нөөцийг тогтоон, хайгуулын дүнг үндэслэн уснаас дээж авч итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээ хийлгэн стандартыг тогтоолгож, ундны эрүүл усаар хангах цэгийг тогтоон худаг гаргах худгийг түшиглэн цэвэрлэх, савлах, ариутгах, иж бүрэн дамжлага бүхий үйлдвэр байгуулсан талаар УИХ-ын даргад танилцууллаа. Газрын гүнээс 50-80 метрээс татсан усыг 3 төрлийн шүүлтүүрээр шүүж, хэт ягаан туяагаар ариутгадаг байна.
Тус үйлдвэрийн дарга Ж.Бодьгэрэл хэлэхдээ, манай үйлдвэр цагт таван тн ус цэвэршүүлэн шүүж, 300 торх ус савлах хүчин чадалтай. Алтай хотын ундны ус нь магнийн агууламж байх ёстой хэмжээнээс тав дахин их, кальцийн агууламж гурав дахин бага учраас хоол боловсруулах, эрхтэн системийн өвчлөл үүсэх үндсэн шалтгаан болдог байсан. “Эрүүл ус” үйлдвэр ашиглалтад орсноор Алтай хотын иргэдийг ундны эрүүл, цэвэр усаар хангаж байна. Манай үйлдвэр орчин үеийн тоног төхөөрөмжүүд ашиглаж, ажиллах горим, хүчин чадлын хувьд өргөн сонголттой” гэлээ.
Нэг торх /20 л/ ус зах зээлийн үнээс харьцангуй хямд өртгөөр буюу 500 төгрөгийн үнэтэй учраас амьжиргааны түвшин хамаарахгүй бүх өрх хэрэглэх боломжтой. “Эрүүл ус” үйлдвэрийн газар нийт 21 ажилтантай, ус цэвэршүүлэх үйлдвэрт Тайшир сумын долоон иргэн ажиллаж байна. Савалж, битүүмжилсэн торхтой усыг түгээх цэгүүдэд зориулалтын хөргөгчтэй машинаар зөөвөрлөн хүргэдэг байна. Цэвэршүүлсэн усыг худалдаа үйлчилгээний зөвшөөрөлтэй цэгүүдээр худалдаалдаг бөгөөд цаашид захиалгаар хүргэж өгөх үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байгаагаа УИХ-ын даргад танилцууллаа.
Цаашид цэвэр ус түгээх байруудыг Алтай хотын Баянхайрхан, Баяншанд, Харзат, Жаргалант багуудад тус бүр хоёрыг шинээр барьж байгуулах ба уг цэгүүд баллонтой усыг хадгалахад тохиромжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан, хэвийн температуртай байх бөгөөд баллонтой усыг хадгалах, түгээхэд тохиромжтой байдлаар баригдах юм байна.
УИХ-ын дарга орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцав | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.