
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай” А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна. I хэсэгт Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, II хэсэгт Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг, III хэсэгт Налайх, Багануур, Багахангай дүүрэг хамрагдах юм. Сургалтын нэгдүгээр хэсгийг БГД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Ганбаатар, хоёрдугаар хэсгийг БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цог, гуравдугаар хэсгийг НД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Д.Байгал нар ахлан ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлын тавдугаарт тухайн иргэн Дайчилгааны тухай хуульд заасны дагуу дайчилгааны бэлтгэл нөөцийн 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдана гэж заасан байдаг. Дүйцүүлэн хаах мөнгөн төлбөрийн хэмжээг энэ жил 2 сая 632 мянга 770 төгрөг байхаар тогтоосон бөгөөд хугацаат цэргийн албанаас жил бүр чөлөөлөгдсөн шалтгааныг нь харгалзан үзэж тодорхой хувиар тооцож төлөх боломжтой юм. Харин гадаадад хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байсан, цагаачлан амьдарч байгаад эх орондоо ирсэн, иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан, цэргийн жинхэнэ албаны татлагаас зугтаж цэргийн алба хаагаагүй иргэд дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг бүрэн төлөх ёстой юм. Энэ онд улсын хэмжээгээр 1033 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хаах юм байна.
Энэ онд 1033 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хаана | ||
Үзсэн: 3058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.