
Хөдөө явж явж ирлээ. Тэгээд цонхоо дэлгэж аваад сайхан унтаж өглөө дөө. Хотын бид ямар өвөл ингэж цонх дэлгэж чадах биш. Дэлгээд унтвал угаартчихаж мэдэх тул зуны дэлгэр цагт л нэг ингэж баясах юм.
Тэгсэн шөнө 02 цаг өнгөрч байтал гэнэт айхтар бүдүүн дуутай согтуу хүн ирлээ гэж хар дарж зүүдлээд сэрэв. Тэгсэн манай хажуугийн Баарнаас үнэхээр хэдэн согтуу нөхдүүд байдаг чадлаараа бархиралдан дуулцгааж байна аа. Баарны цонх, үүд бүгд дэлгээстэй бас дээр нь хөгжмөө хамгийн чанга дээр нь тавьсан байсан болохоор манай энэ хавь бүхэлдээ тэдний шуугианы золиос болж байв.
Ядарч ирсэн би ингэж сэрж байхад нялх хүүхэд болон өндөр настнууд хэрхэн унтах билээ хэмээн сэтгээд 102-луу утасдан ингээд байна болиулаад өгөөч гэлээ. "Дуудлага хүлээн авлаа, Удахгүй дуугүй болгоно" гээд таслав. Удалгүй өөр нэг дугаараас залгаж байна.
-Та дуудлага өгсөн үү? Бид наадахыг чинь зохицуулж чадахгүй ээ. Э.Бат-Үүл даргын захирамжаар баар, пааб, клубүүд бүгд шөнийн 04.00 цаг хүртэл ажиллах болсон. Журмаараа яваа юмыг цагдаа зохицуулах боломжгүй
-Ахын дүү чи сонсдоо энэ караоке манайхаас 100 метрийн зайтай байдаг. Одоо чамд ч сонсогдож байна. Байрны дунд байдгуудыг нь зөвшөөрөхгүй байж болдоггүй юм уу?
-Та цагдаад уурлаад яахав дээ тэр 11-11 төвд нь ч юм уу л хэлээ. Бид ч бас дуудлагаа дийлэхгүй хэцүү байна...
За нэг иймэрхүү л яриа өрнөлөө. Тэгээд цонхоо битүүлж байж нэг юм унтах аядав.
Үндсэн зарчим бол миний эрхээр чиний эрх, чиний эрхээр миний эрх хязгаарлагддаг алтан дүрэмтэй. Гэтэл тэр хүмүүсийн найрлан цэнгэх, дуулах эрхэнд энэ хавийн ард иргэдийн амгалан амрах эрх хамаагүй бололтой юм.
Өнөөх захирамжийг нь хайгаад үзлээ. Олигтой юм олдохгүй байгаа боловч долоодугаар сарын 09-нөөс дуусах хугацаагүйгээр согтууруулах ундаагаар үйлчлэх эрхтэй газрууд 04.00 хүртэл ажиллаж цэцэглэн хөгжиж байгаа залуучуудын хотын иргэдийг цэнгүүлэн, баясгах эрхтэй "ҮҮРЭГТЭЙ" болсон юм байна.
Үүл дарга минь таны хийж байгаа ажлуудад би сэтгэл хангалуун байж, ухаандаа дэмжиж явдаг иргэн л дээ. Тэгэхдээ энэ захирамжаа эргэн нэг харахыг хүсч байна. Та бол эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйн тулд бүх согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад адил эрх олгожээ. Их шудрага мэт боловч үүний чинь ард том алдаанууд гарчээ.
Жишээлбэл, бусдын амгалан тайван байдалд нөлөөлөхүйц битүүмжлэл, агааржуулалтаа шийдээгүй хорооллын дунд байдаг газруудад өгөхгүй байх тухай заалт оруулмаар байна. Тэгээд тэрийг нь мөрдөж зөвшөөрөл өгсөн эсэхэд сайн хяналт тавиулахгүй бол амрах эрхээс илүү архидах эрх гарч ирчихээд байна шүү.
За дээр нь 21 нас хүрээгүй бол оруулахгүйн тулд бичиг баримт шалгах, дуу болон гэрлийн эффикт нь стандарт байгаа эсэхийг хянах гээд олон зүйл байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ.
Та бүхний мэргэн оюунаар бол ард түмнийхээ хөдөлгөөний дутагдлыг арилгаж, хөгжмийн боловсролыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлт сайжирч, их том хотын жишигт дөхөж байгаа мэт санагдах байх л даа.
Мөхөс миний дүгнэлтээр бол Спиртийн хэрэглээг дэмжиж, Стрессийн түвшинг өсгөсөн л шийдвэр харагдаж байна.
Үүний оронд залуучууд очих цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын газар, спортын талбайнууд, кино театр мэтийг хорооллоос холхон олшруулаад түүнийгээ харин 24 цагаар ажиллуулвал зүйтэй санагдах.
Ядаж л аюулгүй байдлыг хангадаг цагдаа нарт ч хялбар байх сан. Одоо байр болгоны орц бүрт шахам байгаа энэ олон баарны хаанаас нь ямар хүн согтуу гарч ирээд гэмт хэргийн золиос, гэмт хэргийн эзэн болохыг таахад бэрхтэй байгааг НАЙРСАГ УЛААНБААТАР хөтөлбөрийн эзэн та анзарсан уу?
За ийм л нэг үглэл, гомдол илгээе дээ.
Их хотын иргэн бүрийн сайн сайхны төлөө билэг оюунаа чилээн байгаа эрхэм дарга та Бааранд дарвиж яваагаас нь илүү Байрандаа амарч байгаа иргэдийн талд орно хэмээн найдаж байна.
Эрхэм нийгмийн сүлжээний анд нөхөд та бүхнийг ч энэхүү нийтлэлийг минь Хотын даргад хүртэл түгээхийг хүсч байна.
СХД-ийн иргэн Анжигай
2015.08.03
Үүл даргаа захирамжаа засах тухай бодно уу | ||
Үзсэн: 3384 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.