
Өнөөдөр УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн Л.Цог Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, БНСУ-ын Хүүхэд, хүн ам, байгаль орчныг хамгаалах парламентын бүлгийн гишүүн Ли Жү Юн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-йн дэд дарга Л.Цог БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг манай улсад тавтай зочлохыг уриад монголын парламентын үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бүхий л талаар хөгжиж байгааг тэмдэглээд монголын тал харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг дурдав. Мөн энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралдаан болон ирэх онд болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад найрсаг харилцаатай БНСУ-ыг өндөр түвшинд оролцоно гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Ли Жү Юн УИХ-ын дэд даргыг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийллээ. Тэрээр Солонгос, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглээд энэхүү айлчлалын хүрээнд парламент хоорондын харилцааг хөгжүүлэх зорилготой буйгаа дуулгав. Мөн тэрбээр Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Ази-Номхон далайн орнуудын парламентчдын бага хурал /APPCED/-д Монгол Улс тогтмол оролцож ирснийг онцлов. Энэхүү хуралдааныг БНСУ-ын Үндэсний Ассамблей зохион байгуулагч орны хувьд дараагийн буюу 18 дахь APPCED Ерөнхий ассамблейн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах талаар хүсэлт тавилаа. УИХ-ын дэд дарга Л.Цог уг хүсэлттэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.
Хүрээлэн буй орчин, хөгжлийн талаарх Ази-Номхон далайн орнуудын хурлыг манай улсад зохион байгуулах хүсэлт тавив | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.