
Саяхан нэг ийм юм уншлаа. "Монгол Улсад сүү импортлох аж ахуйн нэгжийг шалгаруулах ТЕНДЭР зарлаж байна" гэнэ ээ. Энэ чинь одоо юу болоод байна вэ. Түмэн жилийн түүхэн уламжлалт мал аж ахуйтай монголчууд бид өөрсдийн уламжлалт салбараа улам сайжруулан төгөлдөршүүлж эх орноо бүүр хөрш орнуудаа хангах сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй болох тухай ярихын оронд тэднээс авах ТЕНДЭР зарлаад сууж байгаа нь үнэнхүү гутамшиг биш гэж үү.
Уул уурхайгаас өөр баялаггүй орон болгох гэсэн атгаг санаа юм уу. Бид дэлхийн хэнд ч байхгүй өргөн уудам, онгон таргил, үржил шимтэй газар нутагтай ард түмэн. Өнөөдөр дэлхий даяараа генийн өөрчлөлтгүй, цэвэр экологийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхээр хичээж, эрэл хайгуул хийж байна.
Бидэнд малч удам, малжих газар нутаг, хүнсний хэрэглээгээ яаж хангах вэ гэсэн хоёр том хөрш гээд бүх л давуу талууд байхад гаднаас сүү импортлох тухай ярьж байж болохгүй ээ.
Фермерийн аж ахуй гэдэг салбарын шинжлэх ухаан өнөөдөр хөгжлийнхөө оргилд хүрчихсэн хээлтэгч эх малаас гарах төлийн хүйсийг 98 хувь хүртэл зохицуулдаг болчихсон. Сүү нь л байвал хэдхэн минутын дотор дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг савлаж боогоод гаргахуйц хэмжээний тоног төхөөрөмжүүд бий болчихсон байхад шүү дээ.
Үнэндээ уул уурхай гэдэг бол ухаад дуусахад эргэн нөхөгддөггүй баялаг. Зүгээр л шавхагддаг салбар. Харин ХАА-н салбар бол байнгын нөхөн сэргээгдэж байдаг гайхамшигтай нөөц билээ.
Монгол Улс өөрийн хэрэглээг хангаад зогсохгүй өрөөлийн хэрэгцээнд хувь нэмэр оруулан түүнээсээ хөрөнгө босгож бусад салбаруудаа хөгжүүлэх ч дүүрэн боломжтой.
Хаа байсан Австрали, Шинэ Зеландад үнээ бэлчээх байтугай өөрсдөө хаана гишгэх вэ гэсэн, Япон, Солонгосчууд хүртэл сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлоод байна шүү дээ.
Одоо бид арай өөрөөр харж амьдрах болсон баймаар даа. Уул уурхай хэрэгтэй, хөгжлийн түлш байж болох ч уламжлалт буюу мал аж ахуйгаа сайжруулах, дэлхийн дэвшлийг нэвтрүүлэх, бусдын хүсч байгаа стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах тал дээр томоохон бодлого бариад дайрахад суурь сайтай юм чинь "сүн" гээд л орчихмоор санагдаж байгаагаа л өгүүллээ.
Монгол хүүхэд бүр өдөр болгон 500 грамм цэвэр сүү ууж байх болтугай.
Тэр сүү нь эх орны бүтээгдэхүүн байх болтугай.
Бидэнд өөр баялаг байхгүй болчихоод ухаад байгаа юм уу? | ||
Үзсэн: 2951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.