Шууд Chart

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгджээ

2015-09-07 11:23:48

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 33 дахь дугаар өнөөдөр /2015.09.07/ хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газарт чиглэл өгөх тухай мөн Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, ““Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” болон Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг тус тус нийтлэв.

2015 оны наймдугаар сарын 13-наар огноолсон Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлигт иргэдийг нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, эрүүл чийрэг бие бялдар, өв тэгш хүмүүжилтэй болгох, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг тавих зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна.

Харин Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 151 тоот зарлигт /2015.08.28/ Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол Улс даяар ёслон тэмдэглэх, энэхүү түүхт ойг угтаж холбогдох судалгаа шинжилгээ, соёлын бүтээлүүд туурвих, баримтат уран сайхны зохиомж бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг бичихэд оролцсон, төр, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Эмхэтгэлийн энэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын 2015 оны зургадугаар сарын 29-ний өдрийн ““Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд хийх ажлын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 265 тоот тогтоолоор “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд 16 аймагт хийх ажлын жагсаалтыг шинэчлэн баталж, эдгээр ажлын технологийн шийдэл болон гүйцэтгэлийн явц, чанар байдал, үр дүн, хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд болон холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Шинэ дугаарт мөн “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай”, “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгджээ   
Үзсэн: 543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй