
Нью Жуулчин тур компани, Аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж зургаан сумын ард иргэдийн хичээнгүйлэн оролцсон "Ганга нуурын чуулган" хэмээх гайхалтай сайхан арга хэмжээний хамгийн том ач холбогдлуудын нэг нь ард иргэдийн өдөр тутамдаа хэрэглэж ирсэн боловч одоо ховордоод байгаа ахуйн өвүүдийг харуулсан явдал байлаа.
Өчигдөрхөн бидний энгийн хэрэглээ байсан зүйлс өнөөдөр үзэсгэлэнгийн танхим чимэх дээрээ тулчихаад байгааг сануулж чадлаа.
Хэн ч тоож хардаггүй байсан хэдрэгэ, соёо, уур нүдүүр, араг савар маань хүртэл тэврээд суумаар дотно сайхан харагдаж байгаа нь нэгийг хэлнэ бус уу.
Цаг хугацааны аясаар хэрэглээнээс гарч байгаа сампин, цахиур буу, түүнийг дагалдсан хэрэгслүүд, бийр янтайны мөнгөн тоног зэргийг эс тооцвол бусад нь одоо ч ахуйдаа ашигладаг зүйлс байгаа нь бас л бодууштай байлаа.
Эмээл, хазаар, мөнгөн хэрэгслүүд болон гаанс, хөөрөг зэрэг маань одоо үнэт эдлэл болон хүн бүр анхаардаг болсон нь сайшаалтай.
Гэтэл Дарьганга эхнэрийн хувцас, сур элдэх төхөөрөмж, хүүхдийн бойтогны хонх, баривчны хүрэл чимэглэлүүд, цагаан идээ, махаа хадгалдаг үлээсэн олгой, гүзээ, эрэгнэг, цацлын халбага, модон агруу хувин, зэс, гуулин гал тогооны хэрэгслүүд маань тэгж их үнэд ороогүй боловч бидний ахуйгаас бага багаар холдсоор байгааг ухаарлаа.
Мөн бидний өдөр тутамдаа босон суун хийдэг байсан арьс, сур элдэх, дээс томох, араг үүрч аргал түүх, архиа нэрэх, хайлмаг хийх, шагайн харваа, ширдэг ширэх, тэмээн тэргээр нүүх гэх мэт ажлууд маань ч үзмэр болон шагшигдаад байгаа нь үнэхээр харамсалтай байна.
Энэ бүхнийгээ авч үлдэж, үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх ёстой настнууд минь одоохондоо байсаар байгаа яг энэ цаг үед энэхүү арга хэмжээ болж тухайн эдлэл, хэрэгсэл болон зан үйл, ахуйн онцлог нь бидний "ОРШИХУЙН" үнэт зүйлс гэдгийг ухааруулж байгаа нь сайшаалтай юм.
Даяаршин байгаа дэлхий ертөнцөд ондоошин үлдэх соёлыг маань ухааруулж чадсанд гялайлаа.
Хүндэтгэсэн: Г.Анжигай















































Дарьгангын ахуйн соёлын өвүүд | ||
Үзсэн: 7870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.