Шууд Chart

Цэцэрлэг барьсны төлөө хэрүүл хийх хэрэггүй

2015-09-28 12:11:58

Саяхандаа Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орлоо гэсэн сургаар зарим нэг "их мэдэгч" нөхөд 50 хүүхэдтэй суманд 150 хүүхдийн цэцэрлэг барьж яанам бэ? гэх маягийн юм ярьж олон нийтийн сүлжээнд "ОД" болон гялтганацгаав шүү дээ. Яахав өнөө баримтгүй зүйлийг ч бархиран дэмжиж байдаг далдгар нөхдүүд "Төрийн бодлого хаана байна? Сонгино хайрханд өчнөөн хүүхэд цэцэрлэггүй байна, Хоосон газар хот босгохно уу?" гэх мэтээр хөгжөөсөн нь л тэр.

Би энэ сумын цэцэрэлэгийн эрхлэгчийг Банжиг.Нэт-д "Бумбаалай цэцэрлэг" гэдэг блог бичдэг байхаас нь мэддэг тул нөхцөл байдлын талаар ганц нэг үг чулуудсан боловч хийрхэгчид харалгүй хийсээд өнгөрсөн.

Өмнө нь 2013 онд байшиндаа хүүхэд нь багтахгүй хашаандаа гэр цэцэрлэг хүртэл нэмж байрлуулаад ажиллаж байхад нь очиж сурвалжилж байлаа. "Дулаан байлгахын тулд зуух тавьдаг хүүхдүүд гүйж орчих гээд хэцүү юм. Тэгэхдээ манай багш нар хамгаалалтын хашлага хийгээд сайн харж байгаа тул нэг ч хүүхэд түлэгдэлгүй сургуулийн өмнөх боловсролоо эзэмшиж байна" гээд ярьж зогссон залуухан захирлаар бахархаж байлаа.

Энэ жил аян замын далимд ахиад ороод гарлаа. Ер нь олон нийтийн сүлжээгээр орилоод байсан нөхдөд бодит байдлыг үзүүлэхээр зорьж зогссон юм.

Сумын засаг дарга, цэцэрлэгийн эрхлэгч нар тосч уулзаад "Анжигай минь хүмүүс хэрүүл, хорон үг гүйлгэхгүй салбаргүй болжээ" хэмээн толгой сэгсрэн угтсаныг нуух юун.

Мөнххаан сум нийт 418 орчим сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэдтэй. Хуучин, шинэ цэцэрлэг нийлээд хамгийн ихдээ 300 хүүхэд авч байна. Ахиад 100 гаруй хүүхдүүд цэцэрлэгээс гадуур үлдээд байхад "хоосон суманд ашиггүй цэцэрлэг барьлаа" хэмээн ярьж чаддаг мундаг хүмүүст жаахан гомдосноо надаар дамжуулав.

Д.Ариунмөнх захиралтай энэ цэцэрлэгийн бүтээлч хамт олон хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт шаардлагатай үзүүлэн таниулах материалуудаа өөрөсдийн гараар урлаж бүтээн, эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй татан оролцуулдагаараа онцлог.

Хуучин цэцэрлэг бохирын системд холбогдоогүй боловч хүүхдүүдийн нөхцлийг ижил байлгах үүднээс био жорлонгууд авчирч суурилуулсан байна.

Шинэ цэцэрлэгт тавилга нь тэр бүр хангалттай биш байгаа боловч ажилсаг хамт олон, эцэг эхчүүдийн дэмжлэгээр хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж чадсан нь бахдалтай байлаа.

Сумын засаг дарга С.Ганхуяг "Манай сум захиргаанаасаа ганган цэцэрлэгтэй" хэмээн хошигнонгоо "Цэцэрлэгт суугаагүй хүүхэд, цэцэрлэгт суусан хүүхэд хоёр 1-р ангид орохоороо илт ялгарч харагддаг. Тиймээс боловсролтой иргэний асуудал ярих гэж байгаа бол 100% цэцэрлэгт хамруулах тухай зайлшгүй ярих ёстой юм шүү" хэмээн онцолсон юм.

Мөнххааны цэцэрлэгийн өнөөгийн төрх ийм л байна. Фото зурагнаас илүү дэлгэрэнгүйг үзнэ биздээ. Хотын хүүхдүүд хөдөөний хүүхдүүдээс чухал гэж боддоггүй л бол бас өөрийн нүдээр харж үзээгүй бол цэцэрлэг барьсны төлөө хэрүүл, тэмцэл хийх хэрэггүй шүү дээ нөхөд минь.

Анжигай.Г



















































Нийтэлсэн: Анжигай

Цэцэрлэг барьсны төлөө хэрүүл хийх хэрэггүй  
Үзсэн: 3026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-09-28 12:15
khuukhedgui gazar khorongo khaychikhlaa geed baisan. Manaikhan bas alna shuu

Бидэнтэй нэгдээрэй