Шууд Chart

Манай улс соёлын биет бус 12 өвийг бүртгүүлжээ

2015-10-05 16:48:56

Манай улс соёлын биет бус өвөө олонд таниулж, сурталчлах тал дээр хангалтгүй байгааг судлаачид хэлж байна. Манай өмнөд хөрш Хятад улс ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд 90 гаруй зүйлээ бүртгүүлсэн бол бид өнөөдрийн байдлаар соёлын биет бус 12 өвийг бүртгүүлж чаджээ.
 
Уртын дуу бол Монголчуудын соёлын биет бус өв. Соёлын биет бус өв гэдгийг тухайн ард түмэн, үндэстний оюун санаагаар бүтэж, түүхэн орон зайг төлөөлж чадах, ардын мэдлэг, эх хэл, амьдрах арга ухаан, байгаль ертөнцийн тухай мэдлэг, ёс заншил, дуу хөгжим зэргээр нь илэрхийлж ойлгож болно. Монголчуудын төдийгүй дэлхийн хүн төрөлхтний соёлын өвд яг ийм 12  өв багтсан нь морин хуураар эхэлж, уртын дуу, хөөмий, монгол гэр зэргээр үргэлжилж байна. Ингэж бид өөрсдийн бүтээсэн өвөө ЮНЕСКО буюу НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад бүртгүүлэх олон талын ач холбогдолтой юм.
 
Монголын нүүдэлчин ахуй соёл жуулчдыг татдаг. Аялал жуулчлалын брэнд нь морин хуур, хөөмий, уртын дуу, монгол гэр болсныг судлаачид хэлж байна. Учир нь уртын дууны олон янзын эгшиг, шуранхай, нугалааг яаж гаргаж байгаа нь өөрөө тухайн үндэстний соёл юм. 
 
ЮНЕСКО-гийн Соёлын асуудал хариуцсан Бээжин дэх төлөөлөгч Хималчули Гүрүнг "Гараар бариад мэдрэх боломжгүй соёлын биет бус өвийг  ахмад үе нь хойч үедээ уламжлуулах ёстой. Ингэж чадалгүй орхигдуулвал тухайн улс, үндэстэн бусдаас ялгагдах онцлог шинжээ аажмаар алдах аюултай. Яг үүнийг хадгалж хамгаалах талаарх конвенцийг 2003 онд баталсан. Монгол Улс ч үүнд нэгдсэн. Хэрэгжилтэд л анхаарах нь чухал байна" гэлээ.  
 
Соёлын биет бус өвийг хүүхэд залуустаа таниулж байж хадгалж, хамгаална. Монгол бол баялаг түүхтэй ард түмэн учраас соёлын биет бус өвд бүртгүүлэх зүйл олон байгаа. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд 2017 онд нэмж нэг өвийг бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Гэхдээ яг энэ өвөө бүртгүүлнэ гээд шууд хэлчих боломжгүй. Улс үндэстэн бүр өөрийн өвөө урьтаж бүртгүүлэх гэж уралдаж, өрсөлдөнө.
 
Дэлхий дахинд монгол ахуй соёл, тал нутгийн нүүдэлчийн өв уламжлалыг сурталчилж байгаа бүтээлүүдээ бид хүүхдүүдийнхээ сэтгэхүйн онцлогт нь тааруулж, таниулан сурталчилж байж л жинхэнэ утгаараа хойч үедээ өвлөн уламжилж чадах юм гэдэгт судлаачид санал нэг байна. 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Манай улс соёлын биет бус 12 өвийг бүртгүүлжээ   
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй