Шууд Chart

Манай тамирчид Азийн аваргаас 7 медаль хүртжээ

2015-10-13 10:57:01

Тайландын нийслэл Бангкок хотноо энэ сарын 9-10-нд жүдо бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай тамирчид 1 алт, 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирсэн байна.

Тэмцээний эхний өдөр манай хөвгүүдийн ангилалд дөрөв, охидын ангилалд дөрвөн бөх барилдаж гурван хүрэл медаль хүртлээ. Хөвгүүдийн хамгийн хөнгөн жинд буюу 50 кг-ын жинд "Алтайн хүчтэн" клубийн бөх Бямбасүрэнгийн Сүхбат хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд Тайваний бөхийг хожин хагас шигшээд шалгараад Казахстаны бөхөд ялагдсан байна. Улмаар хүрэл медалийн төлөө эзэн орны бөхийг вазари үнэлгээгээр хожин шагналын тавцанд гарсан байна. Түүнтэй хамт энэ өдөр охидын 40 кг-ын жинд "Сараево-2015" өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт "Женко" клубийн бөх Баасансүрэнгийн Ойдовчимэд, 44 кг-д Архангай аймгийн биеийн тамирын дунду сургуулийн бөх Энх-Амгалангийн Уртнасан нар хүрэл медаль хүртсэн ажээ.

Харин тэмцээний хоёр дахь өдөр охидын 57 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин Мөнхцэдэвийн Ичинхорлоо алтан медаль хүртлээ. Тэрбээр Лаос, Казахстан, Тайваний тамирчдыг хожин түрүүлжээ.

Мөн энэ өдөр Монголын Жүдо Академийн бөх С.Бат-Орших /Монгол Улсын начин Д.Сумьяабэйсийн хүү/ тивийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг дараалан цэвэр ялаад аваргын төлөө Ираны бөхөд торгуулиар хожигджээ. Түүнчлэн тэмцээний сүүлийн өдөр охидын 63 кг-д "Тэмүүжин" клубийн бөх Ганзоригийн Отгонцэцэг, 70 кг-д Архангай аймгийн биеийн тамирын дунду сургуулийн бөх Амарсайханы Оюунгэрэл нар хүрэл медаль хүртжээ.


Манай тамирчид Азийн аваргаас 7 медаль хүртжээ  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй