Шууд Chart

Платини ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй

2015-10-20 16:53:57

Европын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг Мишель Платини ФИФА-гийн Ерөнхийлөгч Зепп Блаттераас хүлээн авсан их хэмжээний мөнгийг хууль ёсны үндэслэлтэй байсан хэмээн мэдэгдлээ. 2011 онд Блаттер 2 сая швейцари франк буюу 2.1 сая орчим америк долларыг Платинид шилжүүлсэн асуудлаар одоо Швейцарит эрүү үүсгэн мөрдөн шалгаж байгаа юм.

УЕФА-гийн Ерөнхийлөгч Платини Францын өдрийн сонин Ле Монд-д өгсөн ярилцлагадаа энэ тухай ярихдаа ФИФА-гийн Ерөнхийлөгчид зөвлөх үйлчилгээ үзүүлснийхээ хөлсөнд хуулийн дагуу 2 сая швейцари франк хүлээн авсан хэмээн мэдэгдлээ. Тэрбээр энэ үйлдлээ ажлынхаа хөлсийг авсан зүй ёсны хэрэг хэмээн тайлбарлаад, ирэх оны 2-р сард зохион байгуулагдах ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй болохоо онцолсон байна.

Платинигийн хэлснээр түүний зөвлөх үйлчилгээний хөлсөнд Блаттер жилд 1 сая швейцари франк төлөхөөр тохирсон юм байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ болон түүний хөлсийг тусгасан гэрээг талууд бичгээр байгуулаагүйг Платини хүлээн зөвшөөрсөн ч Швейцарийн хуулиар аман гэрээ бичгээр үйлдсэн гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилдэг хэмээн ярьсан байна. Швейцарийн эрх баригчид Блаттерийг ФИФА-гийн төсвийг зүй бусаар зарцуулсан хэрэгт сэжигтнээр татаад байгаа юм.

Түүнчлэн энэ хэрэгт УЕФА-гийн тэргүүн Платиниг гэрчээр татан, мэдүүлэг авсан. Блаттер Платинид их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь илэрсний дараа энэ сарын эхээр ФИФА-гийн ёс зүйн хороо Блаттер, Платини нарыг 90 хоногийн хугацаагаар албан тушаалаас нь түр түдгэлзүүлээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Платини ФИФА-гийн Ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татахгүй  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй